ОХУ-ын Тувагийн хилийн албаны офицер М.Аяасыг манай улсын иргэн хутгалж гэмтээн бууг нь булаасан хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-нд Увс, Тувагийн хилийн бүсэд гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Увс аймгийн Тэс сумын иргэн Г.Өвгөнхүү, Б.Балжинням нар Тувагийн нутаг руу орж мал хулгайлах гэж яваад буцахдаа Оросын хилчидтэй тааралдан зугтсан юм. Б.Балжинням нь морины сайнаар хил давж нутагтаа ирсэн бол Г.Өвгөнхүүгийн морийг оросууд буудаж унаган явгалсан юм.
Мөрдөн байцаалтын явцад Оросын хилчинд хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон байна. Уг хэргийг Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн Б.Өвгөнхүүг улсын хил зөрчсөн, мал хулгайлсан, эд зүйл хууль бусаар хил давуулсан, бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцон 50 мянган төгрөгийн эд хөрөнгө хурааж, хоёр жил хорих ял ногдуулжээ.
Шүүгдэгч Б.Балжиннямд хил зөрчсөн, мал хулгайлсан, эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлсэн буруутайд тооцож, дээрх хэмжээний эд хөрөнгө хурааж, хоёр жил зургаан сар хорих ял оноосон аж.
Шүүх хурлын үеэр шүүгдэгч Г.Өвгөнхүү “Би тухайн үед аргагүй хамгаалалт хэрэглэсэн. Хэрэв орос цэрэг буугаа дахин сумлаж амжсан бол би тухайн үед газар дээрээ амиа алдах байсан. Бууг нь булааж зугтсан тулдаа амьд гарсан” гэж мэдүүлсэн талаар эх сурвалжууд хэллээ.
Оросын хилчний бууг булаасан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд заасан танхайрсан гэсэн үндэслэлээр яллах санал гаргасан боловч шүүх уг зүйл заалтыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэнэ.
Г.РАВЖАА