Нийслэл хотын зарим авто зам яг л дайны талбар мэт болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Жолооч, явган зорчигчид нь бүгд эрэлхэг дайчид. Тэд үргэлж бие биенээсээ давж гарах гэсэн их тэмцэл өрнүүлдэг.
“Хурдан гараач, тойроод явахгүй юу” гээд нэг нь нөгөө рүүгээ дунд хуруугаа гозойлгоно, хойд хөршөөс гаралтай “П” үсгээр эхэлсэн үг шидэлцэнэ, эргүү тэнэгээрээ дуудалцана, болохгүй бол заамдалцана. Хотын авто замаар иймэрхүү ааг омог нь дэндсэн хүмүүс хөлхөх нь их.

Тэд бүгд “Би энд давуу эрхтэй” гээд өөртөө бат итгэчихсэн. Гэхдээ жолооч нарын хувьд байдал арай өөр. Ядаж л цагдаа ахаас айна, торгох, журамлахаас нь сүрдэнэ. Харин явган зорчигчид бол харж хянах хүнгүй төв зам дээр дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдгийг жолооч нар дуу нэгтэй хэлэх нь дамжиггүй.
Чихэвч зүүгээд ертөнцөөс тасарсан залуус, хоёр гурваараа хэлхэлдэн тас тас хөхрөх охид өөрсдийгөө загварын тайзан дээр алхаж яваа мэт төсөөлөөд явж өгөхгүй гунхалзана.
Эсвэл яг л хээр хөдөө бэлчиж буй мал шиг хөндлөн гулд алхаж байгаа хүмүүстэй өдөр бүр тааралдана. Тэдэн дээр согтуу хүмүүс, хүүхдүүд нэмэгдэхээр замын нүх сүвнээс гадна жолооч нарын тойрох бартаа нь улам л нэмэгдэнэ.
Осол гарлаа гэхэд мэдээж явган зорчигч илүү хохирно. Иймээс өөрийн амь нас, эрүүл мэнд, цаашлаад үр хүүхдийнхээ төлөө хууль дүрмээ биелүүлж, замын хөдөлгөөнд оролцогчийнхоо үүргийг биелүүлээч гэж хүсье. Зам бол загварын тайз, эсвэл малын бэлчээр биш.
Замын цагдаагийн газраас өгсөн мэдээллээр явган зорчигч явган хүний гарцын шугам, гарамгүй газраар зам хөндлөн гарах, гэрлэн дохио зөрчих, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гүйх, зогсож буй автомашин, автобуснаас буугаад урдуур нь зам руу орох, замын зорчих хэсэг дээр буюу зорчих хэсгийн захаар явах, согтууруулах ундаа хэрэглэн биеэ авч явах чадваргүй болсон үедээ авто замаар явах зэрэг үйлдлээс болж зам тээврийн осолд өртдөг болохыг хэлж байна.
Түүнчлэн замын голоор тавьсан тусгаарлах хайс, хашлага дээгүүр давах, доогуур нь шургах, замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй зорчих, зам хөндлөн гарахдаа гар утсаар ярих, чихэвчний хөгжим сонсох, мессеж бичих зэргээс шалтгаалан автомашинд дайруулах, мөргүүлэх тохиолдол их байдаг гэнэ.

Ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр буюу 19200, харин согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх заалт оруулсан байгаа.
Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар өнгөрсөн онд явган зорчигчийн буруугаас болж 1444 осол гарчээ. Энэ нь улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт ослын 4.6 хувийг эзэлж байгаа. Үүнээс хөнгөн, хүндэвтэр 121 хэргийг хэрэгсэхгүй болгосон аж.
Мөн явган зорчигч өөрийн буруугаас болж машинд мөргүүлсэн тохиолдол нийт ослын 29.4 хувийг эзэлж байгааг цагдаагийн ажилтнууд онцолж байв. Ийнхүү зам тээврийн осолд явган зорчигч өртөн, хохирч байгаа тохиолдол нэмэгдэж байгаа нь тэдний замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, соёл дутмагтай шууд холбоотой.
2014 онд бүртгэгдсэн зам тээврийн ослын 389 тохиолдолд явган зорчигч биеэ авч явах чадваргүй согтуугаар хөдөлгөөнд оролцож байх үедээ автомашинд дайруулж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна. Зорчигч согтуугаар зам дээр хэвтэх, автомашин зогсоох гэж гар өргөж байгаад унах, гарцгүй газраар зам хөндлөн гарахаар гүйх зэргээс болж уг осол болжээ.
Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Я.Соронзонболд “Явган зорчигч өөрсдийн буруугаас болж осолд өртөх нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа. 2015 оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд зам тээврийн ослын улмаас 74 хүн нас барсан. Үүнээс 15 нь явган зорчигч байсан гэх судалгаа байна.
Тэд ихэвчлэн согтуу, эсвэл гар утсаар ярьж зам хөндлөн гарч яваад осолдсон байгаа. Шинэ хуульд явган зорчигчийг торгох торгуулийн хэмжээг нарийн тусгаж өгсөн. Гэхдээ иргэд өөрсдөө л ухамсартай байж дүрмээ биелүүлэхгүй бол цагдаагийн ажилтнууд энэ их түгжрэлийн хажуугаар явган зорчигчийг барьж торгоно гэдэг хүндрэлтэй.

Тийм хүнийг саатуулан шалгалаа гэхэд бичиг баримтгүй, торгууль төлөх мөнгөгүй явж байх тохиолдол бий. Тэр хүнийг хорьж цагдалтай биш яаж ч чадахгүй. Тэгэхээр иргэдээс өөрсдөөс нь шалтгаалах болно. Эцсийн дүнд энэ бол иргэд өөрсдийнхөө төлөө хийх ёстой зүйл шүү дээ” гэж ярив.
Ийнхүү замын хөдөлгөөний дүрэм зөрчин өөрийгөө ч, өрөөлийг аюулд оруулж байдаг зарим бүдүүлэг явган зорчигчийн талаар таксины үйлчилгээнд явдаг 79-35 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Төмөрчөдөр “Манай явган зорчигчдын зарим нь хэтэрхий бүдүүлэг байдаг. Замын хөдөлгөөнд залуучууд илүү хэнэггүй оролцдог юм уу гэж харагддаг. Өнгөрсөн долоо хоногт миний урд явж байсан жолооч гэнэт урдуур нь гүйж гарсан хүнийг мөргөчихөөд, би цагдаа, түргэн тусламж дуудаж өгч байсан юм. Тэр жолооч хурд хэтрүүлээгүй, согтууруулах ундаа хэрэглээгүй, эгнээ байраа зөв эзлээд явж байсан. Гэтэл одоо эмнэлэг, цагдаа хоёрын хооронд гүйж, сэтгэл санаагаар унаад л явж байгаа шүү дээ. Замын хөдөлгөөний тухай шинэ хууль батлагдвал энэ мэт байдал арай багасах байлгүй гэж найдаж байна” гэв.
Х.АЗЖАРГАЛ