Долдугаар сарын 20-ны өдрөөс АНУ, Куба улсын харилцааны шинэ үе эхэллээ. Энэ өдөр хагас зуун жилийн дараа Вашингтон, Гавана хотуудад хоёр улсын ЭСЯ үйл ажиллагаагаа сэргээсэн юм. Хоёр улсын харилцаа түүхэн хүнд хэцүү үеийг туулж, даван гарсны илрэл нь энэ боллоо.
Испанийн колони байсан Куба орныг америкчууд Испани-Америкийн дайны дараа эзэмшилдээ оруулсан. Парисын энх тайвны гэрээ ёсоор Куба эрх чөлөөтэй орон болох ёстой байсан ч Америкийн цэрэг 1899 онд арлыг эзэлсэн юм.
1901 оны арванхоёрдугаар сард Кубад Ерөнхийлөгчийн анхны сонгууль явагдаж, Америкийн талыг баримтлагч Эстрада Пальма төрийн тэргүүнээр сонгогдлоо. 1902 онд Куба Бүгд найрамдах улс болсны дараа Америкийн цэрэг арлаас гарч явахаас аргагүй байдалд хүрчээ.
1952 оны гуравдугаар сард генерал Фульхенсио Батиста Америкийн дэмжлэгтэйгээр төрийн эргэлт хийж, засгийн эрхийг гартаа авлаа. Гэвч түүнийг хүлээн зөвшөөрөөгүй ард олны бослого хөдөлгөөн гарч, 1959 онд Фидель Кастро тэргүүтэй хувьсгалчид Хувьсгалт Засгийн газар байгуулснаа зарласан. Хариуд нь АНУ хэд хэдэн арга хэмжээ авлаа.
Юуны өмнө Кубаас авах элсэн чихрийн хэмжээг багасгаж, улмаар эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм. Эрх чөлөөний аралд эм, хүнсний зүйлээс бусад бүх эд барааг нэвтрүүлэхийг хоригложээ. Хоёр улсын сөргөлдөөн үргэлжилсээр 1961 оны нэгдүгээр сард АНУ Кубаас дипломат харилцаагаа тасаллаа.
1961 оны дөрөвдүгээр сарын 17-нд Америкт бэлтгэгдсэн, Кубын цагаачдын 1.5 мянган хүнтэй отряд Кубын эрэгт бууж, төрийн эргэлт хийхийг оролдсон боловч, 72 цагийн дотор бут цохигджээ. 1962 оны нэгдүгээр сард Вашингтоны шахалтаар Куба улсыг Америк тивийн улсуудын холбооноос хаслаа.
Энэ жилийнхээ хоёрдугаар сард нь Ерөнхийлөгч Жон Кеннеди Куба улстай худалдаа хийхийг хориглосон хууль баталсан юм. 1962-1963 онд эдийн засгийн хоригийг улам чангатгаж, тус улсын явуулж буй санхүүгийн үйл ажиллагаа, далайн тээврийг ч хоригт багтаасан байна.
1982 онд Ерөнхийлөгч Рональд Рейган Кубыг “Алан хядагчдыг санхүүжүүлдэг орнууд”-ын хар жагсаалтад орууллаа. Америкчууд Кубыг Латин Америкийн орнууд дахь Засгийн газрын эсрэг бүлэглэлүүдийг дэмжиж, Испанийн баск үндэстний “ЭТА” алан хядагч бүлэглэлийг санхүүжүүлдэг гэж баталж байв.
ЗХУ задран унасан 1991 оноос Эрх чөлөөний аралд эдийн засгийн гүн хямрал эхэллээ. Хямралыг ашиглаж, Фидель Кастрогийн дэглэмийг унагаах гэж зорьсон АНУ эдийн засгийн хоригоо улам чангатгав. 1992 оны Торричеллигийн баримт бичиг, 1996 оны Хелмс-Бертоны хуулиар Куба улстай худалдаа наймаа хийсэн гадаадын компаниудад ч хориг тавьж эхэлсэн.
Гэвч Эрх чөлөөний аралд бослого хөдөлгөөн гарсангүй, аж амьдрал нь үргэлжилсээр л байв. Хоёр улсын харилцааг сайжруулах алхмыг Ерөнхийлөгч Барак Обама хийсэн юм. Тэрбээр 2009 онд Ерөнхийлөгч болсноосоо хойш хэрэв Куба улс хэд хэдэн шаардлагыг биелүүлэх юм бол харилцан уулзалт, яриа хийж болох юм гэж нэг бус удаа мэдэгдсээр байв.
Вашингтон Кубын Засгийн газрыг хэлмэгдүүлэлтээ зогсоож, улс төрийн хоригдлуудыг чөлөөлөн, хүний үндсэн эрхийг хамгаалах болзол тавьсан. 2009 оны дөрөвдүгээр сард Барак Обама хоёр улсын хооронд үйлчилж байсан цагаачлалын дүрэм, журмыг зөөлрүүлж, Кубад хамаатан садан нь байдаг Америкийн иргэдийг тус улсад гурван жилд нэг удаа зорчих эрхтэй байсныг жил бүр болгон өөрчиллөө.
Хариуд нь Кубын Засгийн газар тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр 2009 онд Гаванад баривчлагдаж, 15 жилийн хорих ялаар шийтгүүлээд байсан Америкийн иргэн Алан Гроссыг суллав. Америкийн Засгийн газар ч насан турш хоригдох ялаар шийтгүүлээд байсан Кубын гурван тагнуулын ажилтныг эх оронд нь буцаасан юм.
Хоёр орны харилцаа идэвхжиж, хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэллээ. Кубын удирдагч Рауль Кастро “Барак Обамагийн манай улстай харилцаагаа сайжруулах гэсэн алхам Кубын ард түмний хүндэтгэлийг хүлээж байна” гэж тэмдэглэсэн байдаг.
Өнгөрсөн тавдугаар сарын 29-нд Куба улсыг “Алан хядагчдыг санхүүжүүлдэг орнууд”-ын хар жагсаалтаас хассанаар хоёр улсын дайсагнал түүхийн хуудаснаа үлдэж хоцрох нь тодорхой болсон.
Энэ сарын 20-ноос эхлэн Америкийн ажил хэргийг Гавана дахь ЭСЯ нь гүйцэтгэж, Элчин сайд Жеффри Делорентис Америк улсыг төлөөлөх боллоо. Дипломат харилцаагаа дахин сэргээснээр хоёр улс албан ёсоор “хүйтэн дайн”- аа дуусгаж байна гэсэн үг юм.
М.СУГАР-ЭРДЭНЭ