Ч.ТУЯА
Бага насны хүүхэд өндрөөс унаж бэртэх тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарах болсон. Өчигдөр л гэхэд нийслэлийн Баянгол дүүргийн VI хороо, 10 дугаар хорооллын 30 дугаар байрны зургадугаар давхраас бага насны хоёр хүүхэд унах гэж байсныг нийслэлийн Аврах ангийнхан аварчээ. Дуудлага 10.15 цагт ирсэн бөгөөд тус газрын зургаан албан хаагч, хоёр автомашинтайгаар ажиллан, зургаан настай Б, А нарыг тагтан дээр байсныг аюулгүй буулган, асран хамгаалагч Н-д нь хүлээлгэн өгсөн байна. Хэрэв Аврах ангийнхан арай хожимдож ирсэн бол юу болох байсныг энд хэлэхэд ч бэрх. Хүүхдээ ганцааранг нь гэрт нь үлдээхгүй байх, цонхоо хамгаалалтын тортой болгохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж буй. Гэвч иргэд хайнга, тоомжиргүй зангаасаа болж, хүүхдээ аюулд оруулж байгаа нь харамсалтай.