“Хан Монгол” морин циркийн захирал Ш.Цогтхүүгийн найруулсан “Чингисийн догшин хар сүлд” хөтөлбөр 2007 оноос БНСУ-ын Чежүд тоглож эхэлснээс хойш Монголын морьтнууд олон хүний бүрэлдэхүүнтэйгээр гадаадад аялан тоглох болжээ. Өмнө нь зөвхөн “Морьтны гайхамшиг” үзүүлбэрийг циркийн манежинд тоглодог байсан бол одоо 40-60 жүжигчинтэй баг болон түүхэн сэдэвтэй тоглолт хийж байгаа юм. Саяхан БНХАУ-ын Хөх хотод 40, Рашаан хотод 60 морьтон “Чингисийн хар сүлд” тоглолтоо хийхээр явсан аж.
Түүнчлэн “Морьтны гайхамшиг”-ийн жүжигчдээс 140 орчим хүн БНСУ-ын Чежү, Намъянжү, Бусан, Чонжү хотод, 100 нь БНХАУ-д ажиллаж байгаа бөгөөд Тайваньд ч цөөнгүй циркчид байдаг гэнэ. Удахгүй Турк улсад монгол морьтнууд тоглолтоо хийхээр явах бөгөөд моринд эрэмгий монголчуудын үзүүлбэр олон орнын үзэгчид таалагдсаар байгаа нь энэ билээ.