Энэ долоо хоногийн эхээр фьючерс ханш нь доошилж, баррель нь 50 ам.доллараас хямд (49.8) болсон газрын тосны үнэ буурсаар байна. Иран улсын нийлүүлэлт нэмэгдэх төлөвтэй, ам.долларын ханш чангарсан нь үүнд нөлөөлж буй аж. Нью-Йоркийн “Comex” биржид ирэх есдүгээр сард худалдан авах “Brent” маркийн нфетийн үнэ 45 центээр бууран, баррель нь 56.65 ам.доллартай тэнцсэн тухай “Reuters” мэдээлэв. Мөн наймдугаар сард нийлүүлэх түүхий газрын тосны ханш 74 центээр багасан баррель нь 50 “ногоон”-той тэнцэж буй гэнэ. АНУ өрмийн тоогоо цөөлсөн ч “хар алт”-ны үнэд нөлөөлөөгүй аж.
“Иран улсын экспорт нэмэгдэх төлөв өнгөрсөн долоо хоногт ажиглагдаж эхэлсэн. Бас ам.долларын ханш өсөж байгаа нь газрын тосны үнэд сөргөөр нөлөөлж байна” хэмээн Коннектикут дахь “Tradition Energy”-гийн шинжээч Гене МакГиллиан өгүүлжээ. Өчигдөр Нью-Йоркод нэг баррель WTI болон “Brent” маркийн нефтийн үнэ 50.3, 57 ам.доллар байлаа.
Ц.Болор