АНУ Төвбанк бодлогын хүүгээ нэмж магадгүй байгаа нь мөнгөн тэмдэгтийнх нь ханшийг сүүлийн гурван сарынх нь дээд түвшинд хүргээд буй. Энэ нь алтны ханш сүүлийн таван жилийнхээ, зэсийн үнэ сүүлийн 15 хоногийнхоо доод түвшинд очиход нөлөөлжээ. Бас урд хөршийн эдийн засгийн өсөлт энэ онд долоон хувь байх төлөвтэй нь тавааруудын эрэлт буурч болзошгүйг илтгэж буй талаар “Bloomberg” уламжлав.
Тэгвэл зэсийн хамгийн том хэрэглэгч гэгддэг БНХАУ-ын зэсийн хүдэр болон баяжмалын импортын хэмжээ өнгөрсөн зургадугаар сард тогтвортой байсан тухай metalbulletin.com цахим хуудсанд мэдээлэв. Хэдийгээр Чили, Перу улаас авах хэмжээ нь буурсан ч нийт дүнгээрээ тавдугаар сарынхаас өссөн гэнэ. Тодруулбал, Чили улсын нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар багасаж 250.401 тоннд хүрсэн байна. Мөн Перу улсаас худалдан авсан хэмжээ нь өнгөрсөн жилийнхээс 30.9 хувиар бууран 136.107 тонн болжээ. Харин Монгол Улсаас нийлүүлсэн зэсийн баяжмалын хэмжээ 14.1 хувиар нэмэгдсэн гэнэ. Уг мэдээ нь суурь металлын ханшид төдийлэн нөлөөлөөгүй байв. Өчигдөр Лондоны металлын биржид гурван сарын дараа худалдан авах зэсийн үнэ 1.6 хувиар бууран тонн нь 5373.5 амдоллартай тэнцэх болсныг “Bloomberg” дамжууллаа.
Ц.Болор