Хар тамхи хэмээх цагаан тахал Монгол Улсад хүрээгээ улам л тэлж, рок поп, хип хоп хамтлагийн зарим дуучин, өсвөр насныхан “каннабис” хэрэглэсэн хэмээн шүүхээр шийтгүүлж байсан цаг саяхан. Гэтэл өдгөө хууль сахиулах байгууллагынхан мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон нь дуулиан тарьж эхэллээ.
Монгол Улс дахь хар тамхины хэрэглээ ардын хувьсгалаас өмнө байсан гэдэг. Хүрээний панзчин хятадууд хашаандаа тарьж ургуулан нэг нь нөгөөдөө зарж борлуулдаг байсан түүх бий. Түүний улбаа одоо ч байдаг талаар зарим хүн хэлдэг.
Юу гэхээр, нийслэлийн эртний, хуучин гэр хороололд хятадуудын үр удам хашаандаа мансууруулах төрлийн ургамал тарьж байсныг хууль хяналтын байгууллагынхан илрүүлж байсан. Нийгэм өөрчлөгдсөний дараа буюу 1990 оноос хойш нэг хэсэг монголчууд архинд живж, мансуурдаг байсан бол 2000-аад оны эхэн үеэс хар тамхины хэрэглээ нэмэгдсэн түүхтэй.
Түүнээс хойш хамтлаг дуучид хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт удаа дараа ял шийтгүүлсэн. Өөр нэг хэсэг нь олон улсын хар тамхины мафийн сүлжээний гар хөл болж, хил дамнуулан зөөг өөд ялын дээд хэмжээ, бүх насаараа хоригдох ял сонсон харийн шоронд харуусан суугаа.
Тэднийг ийм замд оруулж байсан хүмүүсийн нэг Б.Халиун нь Малайзад баригдан мөрдөгдөж байгаа бол түүний эгч Б.Хулан нь Африкийн хар тамхины мафийн гишүүн Жоржийнхоо хамт хаана байгаа нь тодорхойг үй. БНХАУ-д байдаг гэх мэдээлэл бий ч түүнийг олж тогтоосон зүйлгүй л байна.
Жорж гэгчийн хувьд Африкийн хар тамхины мафийн томоохон сүлжээний бас л гар хөл болдог хүн нь гэх мэдээллийг хар тамхитай тэмцдэг олон улсын байгууллагынхан солилцоод буй сурагтай.
Дээрх хүмүүсийн гар хөл болж хил дамнуулан мансууруулах бодис зөөдөг байсан хүмүүсийг манай ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн зохих хариуцлагыг нь тооцсоны дүнд энэ төрлийн үйлдэл нь харьцангуй багассан.
Гэвч хилээр “ice” буюу “мөс” хэмээх хар тамхийг оруулж ирэх явдал гарсаар байна.
“МӨСНИЙ ХАТАН ХААН” БАРИГДСАНААС ХОЙШ ХЭРЭГЛЭГЧИД ӨӨРСДӨӨ ХАР ТАМХИА ЗӨӨХ БОЛОВ
ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн нэлээд удаан судалсны дүнд хилээр “мөс” хил давуулан оруулж ирэн худалддаг хүмүүсийг тогтоожээ. Улмаар заримыг нь саатуулан шалгаж байгаа юм билээ. Тухайлбал, Баярмаа гэх нэгэн бүсгүйг цагдаагийнхан саатуулан ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь Цагдан хорих төвд хорьчихоод байгаа гэнэ.
Тэрбээр хар тамхины хэрэгт холбогдоод ар өврийн хаалга хэрэглэн хариуцлагаас зайлсхийхийг оролддог зарим хүн шиг танил тал хайхгүй, анхны мэдүүлгээрээ гэм буруутай үйлдлээ хүлээсэн сурагтай.
Хар тамхи хэрэглэгчид түүний нэрийг бүгд мэддэг бөгөөд “Мөсний хатан хаан Баярмаа” хэмээн өргөмжилсөн байдаг тухай мэдээлэл ч бидэнд олдсон юм. Тэрбээр нэлээд олон жил өмнөд хөршид амьдарч, хулгай хийж байсан нэгэн бөгөөд амар хялбар аргаар мөнгө олох нүх нь мансууруулах бодис борлуулах гэдгийг ажиглаж мэдээд эх орондоо ирсэн бүсгүй аж.
Харамсалтай нь манай төрийн байгууллагуудын уялдаа холбоо муугаас болж шинжээчийн дүгнэлт гарахад удаашраад байгаа сурагтай. ШШҮХ-гийн хар тамхи, мансууруулах бодисын лабораторийн тоног төхөөрөмж эвдэрснээс болсон уу, эсвэл тестийн хэрэгсэл нь үгүй болсноос уу мансууруулах бодис шинжлэхгүй байсан бололтой.
Тиймдээ ч ЭЦГын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн “Мөсний хатан хаан”-ы оруулж ирсэн бодисыг шинжлүүлэхийн тулд Гаалийн төв лабораторид дээжээ хүргүүлсэн юм байна. Мансууруулах бодисыг шинжилсний төлбөр болох 700 гаруй мянган төгрөгийг цагдаагийнхнаас нэхээд дүгнэлтийг нь өгөхгүй байгаа сурагтай.
Уг нь төрийн байгууллагууд, тэр дундаа хар тамхитай тэмцдэг хил, гааль, тагнуулын байгууллага хоорондоо уялдаа холбоотой, наанатай цаанатай ажиллаж, шинжээчийн дүгнэлт гаргахдаа үнийн дүн дээрээ харж үзэж болдоггүй юм болов уу гэсэн бодол төрснөө нуух юун.
Уг нь хил, гаалийнхан ажлаа сайн хийж, хяналт шалгалтаа сайтар явуулдаг бол өөрсдөө хар тамхи илрүүлчихэж болох л баймаар. Харин хил, гаалийн шалгалтаар нэвтрүүлснийх нь дараа цагдаагийнхан хөөцөлдөж байж олдог, олсноо шинжлүүлэхэд мөнгө төлдөг нь байж боломгүй үйлдэл мэт.
Хэргийн холбогдогчоос шинжилгээний төлбөрийг гаргуулах гэхээр сэжигтэн, яллагдагч гэм буруутай эсэхийг болон хэргийн бусад байдлыг өөрөө нотлох үүрэг хүлээдэггүй учраас ийм их хэмжээний мөнгө төлөхгүй шүү дээ.
Тэгэхээр төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж байж хар тамхи хэмээх цагаан тахалтай тэмцэнэ гэдгээ ухаармаарсан. Баярмааг баригдсаны дараа хар тамхи хэрэглэгчид нэг хэсэг бараагаараа дутагдсан бололтой.
Тиймдээ ч өөрсдөө, эсвэл найз нөхдөө өмнөд хөрш рүү явуулж хар тамхиа авчруулах болжээ.
ОЛОН ЖИЛ ХАВ ДАРСАН ХАВТАСТ ХЭРЭГ СЭЖИГТНИЙ МАШИНААС ОЛДЖЭЭ
Хар тамхиа өөрсдөө олж авах гэж байгаад баригдсан хүмүүсийн нэг нь прокурорын, нөгөө нь тагнуулын байгууллагын ажилтан байсан нь олны анхаарал татаж байна.
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар өмнөд хөрш рүү явуулсан “элч”, бараагаа тосож авахаар Чойр өртөөнд очоод үйлдэл дээрээ баригдсан гэнэ.
Тэдний бараагаа захиж авчруулсан хүн болох Сүхбаатар өмнө нь нь нэг бус удаа (албан бус эх сурвалжийн хэлснээр таван удаа ял шийтгүүлсний дотор хар тамхи мансууруулах бодистой холбоотой үйлдэл байгаа) ял шийтгүүлсэн эр өмнөд хөршөөс багагүй хэмжээний “мөс” авчран галт тэргээр ирсэн юм байна.
Ингээд үйлдэл дээрээ тэд баригдсан аж. Энэ талаар цагдаагийнхнаас тодруулахыг хүсэхэд “Прокурор, тагнуул гээд хууль хэрэгжүүлэгч, сахиулагч байгууллагынхантайгаа хонь чоно болмооргүй байна шүү дээ. Төрийн байгууллагын хоёр ажилтан мансууруулах бодисын хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь хэвлэлийн хурал хийж байхдаа энэ талаар цухас дурдсан. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн ямар нэгэн зүйл ярихаас эрс татгалзсан юм.
Бидэнд олдсон мэдээллээр Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг саатуулах үедээ цагдаагийнхан машинд нь үзлэг нэгжлэг хийсэн аж. Тэгэхэд машиных нь тээшнээс шийдэгдэлгүй удсан хэд хэдэн хавтаст хэрэг байсныг олж авчээ.
Заримынх нь нотлох баримт бүхий хуудсуудыг урж тасдсан байсан мэдээлэл ч байна. Уг хэрэгт сэжиглэгдээд байгаа Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар их сургуулийн нэг ангийнхан гэнэ.
Х.Тамирын ах дүү, садан төрөлд нь шүүгч, прокуророор ажилладаг хүмүүс олон сурагтай. Харин Б.Амарбаясгалангийн хувьд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрд өн байцаах албанд ажиллаж байгаад Баянгол дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор нэг хэсэг ажилласан юм байна.
Буцаж дээрх албандаа ирээд байхад нь Мөрдөн байцаах албыг татан буулгаж, мөрдөн байцаагч нарыг нь прокурор, АТГ-ын Мөрдөн шалгах албанд хуваарилахад АТГ-т орох гэж үзжээ. Гэвч АТГ-ын шалгуурыг хангаагүйгээс уу орж чадалгүй, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст ажиллах болсон юм байна.
Гэвч удалгүй тус хэлтсээс халагдсан нэгэн гэнэ. Хууль хэрэгжүүлж, төрийн нэрийн өмнөөс иргэнийг ялладаг албан тушаалтнууд ийнхүү хар тамхины хэрэгт холбогдсоноос үзэхэд манай улсад цагаан тахлын тархац аюулын харанга дэлдээд байгаа юм.
Илэрсэн хууль, хяналтын байгууллагын ажилтнууд тэд болохоос илрээгүй хүн хэчнээн ч байгаа юм билээ. Магадгүй цагдаагийнхан дунд ч байж болох. Харин хууль, шүүхийн байгууллагынхан хар тамхины болон мөрдөн байцаалтын хавтаст хэрэг нуун дарагдуулж, хуудсыг нь дутаасан зам тээврийн ослын хэргүүдийг яаж шийдэхийг харах л үлдлээ.
Шүүгч ах дүү, прокурор мэргэжил нь цагдаагийнханд нөлөөлөөд хэргийг таг чиг болгочих юм биш биз гэх хүн ч байна.
Г.РАВЖАА