ОХУ-аас Хятадад “Алтай” буюу “Сибирийн хүч 2” хоолойгоор байгалийн хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол тодорхойгүй хугацаагаар хойшиллоо гэж ОХУ-ын “Ведомости” сэтгүүл мэдээллээ.
Засгийн газрын нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн гишүүний хэлснээр гол шалтгаан нь Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, эрчим хүчний бодлогоо эргэн харах болсонтой холбоотой аж.
Нефтийн үнэ буурснаар тус улсад Австралийн шингэрүүлсэн байгалийн хий хэрэглэх сонирхолтой болж байгаа гэнэ. 2012-2013 онд Хятадын байгалийн хийн хэрэглээ 12-13 хувиар өссөн бол 2014 онд 8.5, 2015 оны эхний хагаст дөнгөж хоёр хувиар нэмэгдсэн тооцоо гарчээ.
Хэрэв энэ маягаараа үргэлжилбэл “Газпром” компани “Алтай” хоолойгоор нийлүүлэх байгалийн хийнээс их ашиг олж чадахгүй нь тодорхой. “Газпром” “Алтай” хоолойг барихад их хэмжээний зардал гарна гэж нийлүүлэх байгалийн хийн үнэ өндөр байгаагаа тайлбарлаж байгаа бол Хятад улс хоолойг хямдхан зардлаар барихад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Мөн Хятадын компаниудыг оролцуулна гэвэл тендер зарлан, барилгын ажлын зардлыг нийтэд нээлттэй байлгах санал гаргаад байна. “Газпром” энэ саналаас татгалзаж, харин хятадууд огт яарахгүй байгаа юм.
Одоогийн байдлаар “Газпром” албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ч ямар ч гэсэн талууд санал зөрөлдсөн нь тодорхой байна. Тус компанийн дэд захирал Виталий Маркелов Хятадын тал барилгын материал, тоног төхөөрөмж, ажиллах хүч гаргах санал тавьсан гэж өнгөрсөн тавдугаар сард ярьж байсан юм.
Харин бас нэгэн дэд захирал Александр Медведев ийм шаардлага огт байхгүй гэж үзэж байна. “Сибирийн хүч” хоолойн талаар хэлэлцээ хийж байх үед ч бас ийм явдал тохиолдож байсан билээ.
ОХУ-д байгалийн хийн зах зээл хангалттай байна гэдгийг дэлхий дахинд харуулах гэж ийм гэрээ хийсэн” гэж үзэж байна. “Сибирийн хүч” хоолойг барих анхны гэрээг байгуулахад 10 жил зарцуулсан.
Оросын “Газпром” Хятадын CNPC компаниуд хоорондоо тохиролцож чадахгүй байсан тул Ерөнхийлөгч В.Путин Хятадын дарга Си Зиньпин нар өөрийн биеэр оролцож байж л гэрээнд гарын үсэг зурж байсан билээ.
Одоогийн “Алтай” хоолойн гэрээнд ч улстөрчид оролцож байж л амжилттай болно гэж шинжээчид таамаглаж байгаа юм. “Газпром”-ын захирал Алексей Миллер, Эрчим хүчний сайд Александр Новак нар Хятадтай хийх байгалийн хийн гэрээг энэ оны дундуур байгуулна гэж ярьж байлаа.
Си Зиньпин Ялалтын баярт оролцохоор Москвад ирэх үед буюу тавдугаар сарын 8-9-нд, эсвэл БРИКС, ШХАБын дээд хэмжээний уулзалтын үеэр Уфа хотод гэсэн тодорхой өдөр судар ч хэлж байсан. Гэвч тавдугаар сард “Газпром”, CNPC компаниуд хий нийлүүлэх нөхцөлийн талаар л ярилцсан бол Уфад энэ талаар огт дурсаагүй.
“Сибирийн хүч” хоолойгоор байгалийн хий нийлүүлэх үндсэн нөхцөлийн талаар 2013 оны есдүгээр сард тохиролцсон бол гэрээг нь найман сарын дараа байгуулж байлаа. Тэгвэл “Алтай” хоолойн хувьд үүнээс бага цаг зарцуулна гэж Алексей Миллер мэдэгдэж байв.
Өнгөрсөн зургадугаар сард тэрбээр Ерөнхийлөгч В.Путинд бид гэрээг 6-7 сарын дараа байгуулах болно гэж амлаж байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ оны сүүлчээр гэсэн үг. Гэхдээ энэ маягаар байгаад байвал гэрээ байгуулах хугацаа хойшилсоор байх нь мэдээж.
Есдүгээр сарын эхээр Ерөнхийлөгч В.Путин Хятад улсад айлчилна. Тэр үеэр л “Алтай” хоолойн хувь заяаг шийдэх байх гэж мэргэжилтнүүд хүлээж сууна.
М.СУГАР-ЭРДЭНЭ