Өдийд шинэ ногоо гарчихсан, дуртай ногоогоо хямд үнээр худалдаж аваад, “шинэ шөл” ууж суудагсан, уг нь. Гэтэл энэ жил эсрэгээрээ, ногооны үнэ тэнгэрт хадаж, шинэ ургацын ногоо дөнгөж одоо л лангуун дээр өрөгдөж байна.
Шинэ ногоо гарахаар үнэ нь навс бууж, хэр барагтай бол тоож хардаггүй хятад ногоо хүртэл үнэтэй, эрэлттэй гэж жигтэйхэн. “Бөмбөгөр” худалдааны төвд хоёрхон лангуун дээр шинэ ургацын төмс иржээ. Тэнд шинэ ургацын төмс нэг кг нь 2500 төгрөг гэх аж.
Харин байцаа 2800, манжин 2500, ногоон сонгино 1000-1500, төл сонгино 3500, тавхан ширхэгтэй боодол лууван 1500 төгрөгөөр зарагдаж байлаа. Хятадаас оруулж ирсэн голланд үрийн шинэ ургацын төмс 1200 төгрөг, өнгөрсөн жилийн үлдэгдэл монгол үрийн төмс 1600 төгрөгийн үнэтэй байв.
Шинэ ургацын ногоо өндөр үнэтэй байгаагийн шалтгааныг худалдагч нар энэ жил ган болж, ургац муу байгаатай холбон тайлбарлалаа. Ховд аймагт шинэ ургацын ногоо эрт гардаг, үнэ нь ч хямд байдаг.
Гэтэл энэ жил наадмын өмнөхөн гарч, одоо ч өндөр үнээр зарагдаж байна. Үнэ буурахгүй байгаа нь Завхан, Говь-Алтай зэрэг ойролцоо аймагт нь ургац муу байгаагаас тус аймгийг зорьж, хүнсний ногоо авагчид олширсонтой холбоотой гэнэ.
Шинэ ургацын ногоо яагаад оройтож гарсан болон энэ жил авах ургацын хэмжээг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодруулахад “Өнгөрсөн хавар өдөртөө хүйтэн байсантай холбоотой тариалалт оройтсон.
Эрт ургацын ногоо одоо л гарч байна. Ер нь шинэ ногоо анх гарахдаа үнэ нь өндөр байдаг. Энэ жил төмс 13 мянган га-д буюу өнгөрсөн оныхтой адил хэмжээтэй, хүнсний ногоо 1000 орчим га-гаар бага тарьсан. Авах ургацын хэмжээг урьдчилсан байдлаар наймдугаар сарын 10- даар тогтооно” гэв.
Э.ЭРДЭНЭ