Нисэх загварын чөлөөт нислэгийн ДАШТ-ийг угтаж Дэлхийн цом, Монголын цом гэсэн хоёр том тэмцээн Налайхад энэ долоо хоногт болохоор төлөвлөсөн.
Үүний дагуу Дэлхийн цом тэмцээн өчигдөр эхэлж, резинэн хөдөлгүүрт, хугацаат нислэгийн гэсэн хоёр төрөлд 47 тамирчин оролцлоо. Нисэх загварын 50 гаруй онгоц нэгэн зэрэг тэнгэр өөд хөөрөх нь сүрдмээр ажээ.
Хар, шар, улаан гээд өнгө өнгийн онгоц агаарт гурван минут тогтож, салхины аясаар аажмаар газардаж харагдсан. Чөлөөт нислэгийн тэмцээний огторгуйн буюу f1a төрөл нь 50 м урттай уяагаар онгоцоо агаарт татаж гаргаад, агаарын дулаан урсгалд оруулж хөөргөдөг аж.
Резинэн хөдөлгүүрт буюу f1b гэдэг нь онгоцны урдах сэнсийг эргүүлж, резинийг эрчилж хөөргөдөг байна. Хугацаат нислэг буюу f1c төрөл нь тусгай жижиг мотортой бөгөөд мотор нь таван секундээс илүүгүй хугацаанд ажилладаг аж.
Тэр дунд өөрөөсөө том онгоц тэвэрсэн найман настай хүүг онцлон, сэтгэгдлийг нь сонслоо. Түүнийг Э.Энтони гэдэг. Маргааш болох огторгуйн ангилалд оролцох тэрбээр аав, ах хоёртоо тусалж байгаа нь энэ аж.
Тэрбээр хоёр жилийн өмнөөс нисэх загварын спортоор хичээллэж эхэлжээ. Түүний аав Б.Эрдэнэбат, ах Э.Нямдүү нар ДАШТ-нд Монголыг төлөөлж буй. Тэд 2009 оноос ийм төрлийн тэмцээнд хамт орж байгаа гэнэ.
“Ах минь багаасаа л энэ спортоор хичээллэсэн. МИАТ ХК-д ажилладаг юм. Жинхэнэ онгоц засаж байгаа. Би ч том болоод МИАТ-д ажиллана. Тэгээд жинхэнэ онгоцоор тэнгэрт дүүлэн ниснэ” хэмээн Э.Энтони ярилаа.
Түүний дараагийн “зогсоол” 2016 онд Польш улсад болох өсвөрийн ДАШТ ажээ.
Д.БАДМААРАГ