Архангай аймгийн нийт сумдад Герман улсын шүдний мэргэшсэн эмч нарын баг 14 хоногийн хугацаатай ажиллаж, иргэдэд шүдний үзлэг оношилгоог үнэ төлбөргүйгээр хийж байна.
Тэд Эрдэнэбулган суманд долоодугаар сарын 19-31-ний хооронд ажиллах юм. Аймгийн төвийн иргэд үзлэг оношилгоонд хамрагдахын тулд хүүхдийн тасагт очиж, цаг авч үйлчлүүлэх аж.
Эмч нарын багийг чиглүүлэх орон нутагт ажиллахад аймгийн ЗДТГ, ЭМГ-аас ажлын хэсэг томилогджээ. Энэхүү ажил нь Эрүүл мэнд, спортын яам, ХБНГУ-ын “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын хамтын хүрээнд зохион байгуулагддаг бөгөөд орон нутагтаа тэр тусмаа бүх сумдад ажиллуулах санаачилга, нөхцөл бололцоотой болсон юм.
Эхний гурван өдрийн байдлаар зөвхөн Эрдэнэбулган суманд 140 гаруй иргэн шүдний үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамрагдаж эмчилгээ зөвлөгөө авчээ. Эмч нарт үзүүлэх гэсэн хүмүүсийн урт дараалал үүсгэсэн байна.