Цахим сүлжээний давуу талыг дэлхийн олон оронд мэдрүүлж, аяны шинэ хэлбэрийг бий болгосон “Ice bucket challenge” өнгөрөгч онд цахим сүлжээнд өрнөж, Билл Гейтс, Опра Уинфриг ч толгой дээрээсээ мөстэй ус асгуулж дөнгөсөн.
Харин бие биенээ уриалан дууддаг энэ аян энэ зун манай орны цахим сүлжээ хэрэглэгчдийн дунд “Хог bucket challenge” нэртэйгээр өрнөж байна. Баяр наадмын өмнөхөн Монголд ажиллаж амьдардаг Англи бүсгүй Туул голын эрэг орчмын хогийг түүж, баяр наадмын өдрүүдэд өвөрмонголчууд ирж хог түүж өгөх гэнэ гэсэн сургаар залуус энэ аяныг санаачилсан бөгөөд Туул голын эрэг цэвэрлэж байсан аян Хэрлэн гол хүртэл хаяагаа тэлжээ. Дорнод аймгийнхан “Ice bucket challenge”-ийн зарчмаар “Цэмцгэр хот Чойбалсан” аяныг өрнүүлээд байгаа бөгөөд Дорнод аймгийн иргэд Хэрлэн голын эрэг орчмоос гурван уут хог түүж, түүнийгээ зургаар баримтжуулан цахим сүлжээнд тавьж, аянд нэгдэх дараагийн хоёр хүнийг ч нэр заан дуудаж байгаа аж.