Хүрхрээ мэт өндрөөс буух үзэмжит усан хөшиг хотод өнгө нэмээд зогсохгүй тоосжилт бууруулах ач холбогдолтой. Иймээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хоёр ч усан хөшиг хийсний нэг нь Арслантай гүүрнийх. Өнөөдөр 09.30 цагт шөнийн цагт өнгө алаглан гэрэлтэж, өдрийн цагт сэрүү татуулах усан хөшиг нээлтээ хийлээ. Үндэсний их баяр наадмын өмнө Зайсангийн гүүрэнд хийсэн хөшиг ашиглалтад орсон юм. Усан хөшгийг “Хан урсгал” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд цаашид үйл ажиллагаа, засвар үйлчилгээг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ хариуцаж ажиллах аж.
Нээлтийн үеэр “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ-ын дарга Д.Энхсайхан “Арслантай гүүрнээс 300 метр газар усан толио үүсгэх ажлыг эхлүүлнэ. Наймдугаар сарын арван гэхэд усан толионы ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Ирэх жилээс эхлэн олон ажил хийхээр төлөвлөж байна. Уг усан хөшиг бол энэхүү ажлуудын зөвхөн эхлэл юм шүү. Арслантай гүүрний дээд доод хэсгийг ирэх жилээс эхлэн улам тохижуулна” гэв.