“Goldman Sachs”-ын шинжээч Жэффри Карригийн үзэж буйгаар унци алтны ханш энэ жил 2009 оноос хойш анх удаагаа 1000 ам.доллараас хямдарч магадгүй тухай “Financial Post” дамжуулав. Тэрбээр “Ам.долларын ханш өсөх төлөвтэй байгаа нь алтны эрэлтэд нөлөөлж үнэ нь буурахад хүргэх болов уу” хэмээн өгүүлжээ. Нөгөөтэйгүүр, БНХАУ шинжээчдийн таамагласнаас бага алт худалдан авсан гэнэ.
Ханш нь энэ долоо хоногт 2010 оноос хойших хамгийн доод түвшиндээ хүрээд буй шаргал металлын үнэ цаашид ч доошилно хэмээн тооцож буй нь ганц Жэффри Карри биш гэнэ. Тухайлбал, “ABN Amro Bank NV” компани болон “Societe Generale AG”-ын шинжээчдийн үзэж буйгаар ирэх арванхоёрдугаар сар гэхэд унци алтны ханш 1000 “ногоон”-д хүрэх гэнэ. Алтнаас гадна бусад тавааруудын үнэ нь доошилж байгаа бөгөөд “Bloomberg”-ийн таваарын индекс энэ долоо хоногт 13 жилйинхээ доод түвшинд хүрсэн аж. Алтны фьючерс ханш 10 хоног дараалан уруудсан нь 1996 оноос хойших хамгийн урт хугацаа юм байна. Өчигдөр Нью-Йоркийн “Comex” биржид ирэх сард худалдан авах уг таваарын үнэ нэг хувиар доошлон, унци нь 1092.5 ам.доллартай тэнцэх болжээ.
Ц.Болор