Улаанбаатарчууд Хүй долоон худагийнхаа дэнжид жилд хоёронтаа нижгэр наадамлахаар болоод байна. Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Их даншиг наадмыг нийслэлийн Буддын шашны сүм хийдүүдээс санаачлан зохион байгуулах гэж буй.
Даншигийн бөх, морь, сурын бай шагнал нь улсын наадмын байтай адил бөгөөд Хүй долоон худагт 256 бөх барилдаж, азарга, их нас, соёолон насны морьд уралдуулж, сур, шагайн харваа болох юм.
Энэхүү наадмаар дамжуулан үндэсний зан заншил, соёл, түүх, уламжлалыг олон нийтэд сурталчлах боломжтой гэж үзсэн учраас нийслэлийн ЗДТГ санхүүгийн дэмжлэг үзүүлж, аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болох “Mongolian Tourism Market” (MTM)-ийг Их даншигийн үеэр зохион байгуулах гэнэ.
Манайхны найр наадам ихэдсэн үү л гэхээс ер багадаагүй. Гэтэл одоо улсын наадмын хэмжээний бай шагналтай бас нэг томоохон баяр нэмэгдэв. Наймдугаар 1-нээс хойш ямар ч наадам хийхийг хориглосон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үгийг ахин дахин сануулсаар байхад шүү.
Бас Ерөнхийлөгч наадмыг хааж хэлсэн үгэндээ “Наадмын маргааш намар эхэлнэ. Хүн бүр ажил алба, амралт зугаалгаа зохицуулж, ирэх өвлийн сорилтыг давахад онцгой анхаарахыг сануулж байна. Өвлийн жавар, хаврын хавсаргыг зуны бэлтгэл, намрын хөдөлмөрөөр гэтлэх болно” хэмээн онцолсон билээ.
Сүүлийн хэд хоногт хур бороо орж, газрын гарц өмнөхөөсөө дээрдсэн ч энэ нь өнөө жил монголчууд нийт ургацынхаа 50- 60 хувийг алдах эрсдэлийг бууруулах хангалттай нөхцөл биш хэмээн тариаланчид түгшсэн хэвээр.
Долдугаар сарын дундуураас хойш хэнзэрсэн өвс ногоо малд өөхөн тарга нэмэх ч тэр нь өвлийн хатуу бэрхийг давах хүч тамир болохгүй гэдгийг малчид хэлж байна. Зуны сар адагтаа ортол нийт нутгаар ган гачигтай байсан Монголд ирэх өвөл мичин жилийн зуд нүүрлэх магадлал өндөр болохыг олон жилийн гашуун туршлагаас харагдана.
Тиймээс наймдугаар сар бол найр наадмын хөлд налайж суудаг цаг яавч биш. Хот, хөдөө гэлтгүй өвлийн бэлтгэлээ базаах хатуухан үүрэг хариуцлага бидэнд ногдов. Эрчим хүчний сайд маань “Өвлийн бэлтгэл 50 орчим хувьтай байна” хэмээн аанайхан мэдэгдээд буй.
Эрчим хүчний салбарынханд үлдсэн 50 хувийн бэлтгэлээ гүйцээх хугацаа хэр үлдсэнийг сайд л мэдэж байгаа бололтой. Ирэх өвөл юу болох бол гэдгээс илүү өдийд олны анхаарлыг хамгийн их татаж байгаа зүйл нь Их даншиг наадмаар бөхчүүдэд начин, заан, арслан цол шинээр олгох асуудал болчихоод байна.
Бас даншигийн цол улсынхтай ямар ч хамаагүй учраас дараа жил зөвхөн тус наадмаас авсан цолны эрэмбээр ам авч барилдах юм гэсэн. Тэгэхээр энэ даншигт улсын начин түрүүлбэл даншигийн арслан болоод, дараа жил улсын аваргыг ч амлан барилдах эрхтэй гэсэн үг.
Од нь гийсэн сумын заан ч даншигт түрүүлчихээд, дараа жил дархан аваргыг амлахыг хэн байг гэх вэ. Энэ байдал тэртэй тэргүй маргаан маапаантай байдаг Монголын үндэсний бөхийн холбоо хийгээд хэдэн бөхчүүдийн хооронд дахин “хэрүүлийн алим” тарих вий хэмээн болгоомжилж буй хүмүүс ч байна.
Харин нийслэлийн удирдлагууд “Улаанбаатарт ирсэн жуулчдад үзэх харах зүйл ховор байдаг. Тиймээс энэхүү даншиг наадмын хүрээнд нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид “Саран хөхөө” дуулалт жүжгээ Хүй долоон худагт цугласан наадамчин олонд толилуулах юм.
Мөн Сарьдагийн хийдийн туурийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийг тэнд дэлгэнэ. Түүнчлэн уг наадамд зориулан Хүрээ цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үзүүлэхээс гадна Буддын шашны бүх хийдийн 1000-аад лам Чингисийн талбайд ном хурна.
Энэ бүхэн жуулчдын сонирхлыг ихэд татна” хэмээн тайлбарлав. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд урлаг соёлын олон шинэлэг зүйл санаачилж, жуулчдыг татахын тулд байдаг аргаа хэрэглэж суугаа хотын мээрийн сэтгэл, зүтгэлийг ойлгож байна.
Гэхдээ л наадмын маргааш намар гэдгийг мартаж боломгүй байна.
Л.ГАНЧИМЭГ