Оргил рашаан сувиллыг хувьчлах тухай асуудал яригдсаар найман жилийг ардаа орхижээ. Харин УИХ үүнийг өнгөрсөн долдугаар сарын 3-нд эцэслэн баталсан билээ. Ингэхдээ үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдсэн аж.
Гэвч тус сувиллыг хувьчлах шаардлага байгаа юу гэдэг нь олны анхаарлыг татаж буй. Учир нь 2008 онд “Оргил”-ыг ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит 22 компанийн жагсаалтад багтаасан байна. Энэ нь хувьчлах шалтгаан болсон гэнэ.
Гэвч ашиггүй хэмээн дүгнэсэнд нь тус компанийн ажилчид гайхаж буйгаа ярьж байна. Учир нь 2012 онд 646.2, 2013 онд 812.7, 2014 онд 485.9 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэнэ. Түүнчлэн өнгөрсөн онд л гэхэд 120 гаруй сая төгрөгийн ногдол ашиг өгчээ. Тэгэхээр ашиггүй гэж дүгнэж болохгүй нь.
Үүнээс гадна энэ сувилал улсын хэмжээнд ажиллаж байгаа 100 гаруй рашаан сувиллыг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, “Байгаль Монголын муж дахь рашааны нөөцийн судалгаа”, “Монголын рашааны судалгаа” зэрэг үндэсний хэмжээний томоохон эрдэм шинжилгээний ажилд эмч, судлаачид нь оролцдог, рашаан сувилал, сэргээн засах эмчилгээний эмч, мэргэжилтнийг үндэсний хэмжээнд бэлтгэдэг гол байгууллага.
Учир нь 2005 оноос “Шаргалжуут”, Ар, Өвөр Жанчивлан зэрэг хэд хэдэн сувиллыг хувьчилснаар тэдгээрийн эмчилгээ, тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжраагүй, сувилал хөгжөөгүй, үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байж чаддаггүй болсон талаар олон хүн ярьж байгаа.
Сувиллыг хувьчлах талаар ахмадууд, “Оргил” рашаан сувиллын ажилтнууд эсрэг байр суурьтай байгаа юм. Учир нь тус сувилалд жилд ойролцоогоор 10 мянга гаруй хүн үйлчлүүлдэг. Тэдний 80 хувь нь өндөр настнууд байдаг аж.
Иймд тус сувиллыг хувьчилснаар үйлчилгээний хөлс нэмэгдэх, энэ нь эргээд ахмадуудад хүндээр тусах нь дамжиггүй. Үйлчлүүлэгчдийн 40 гаруй хувь нь орон нутгаас ирдэг гэнэ.
Иймээс “Оргил” рашаан сувиллын хамт олон, Монголын рашаан сувиллын нийгэмлэг, Монголын ахмадын холбоо хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал илгээсэн байна.
Захидалд “Дэлхий олон орон эмийн хэрэглээнээс зайлсхийж, байгалийн хүчин зүйл, эмийн бус аргаар эрүүлжин чийрэгжих чиг хандлагыг эрүүл мэндийн салбарынхаа тэргүүлэх чиглэл болгон бодлогодоо тусган ажиллаж байгаа билээ.
“Оргил” рашаан сувилал нь нүүрсхүчлийн хий, төмөр агуулсан гидрокарбонат кальци, магнийн төрлийн рашааны ордыг түшиглэн 1934 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Монгол Улсын хамгийн том, тэргүүлэх сувилал юм.
Манай байгууллага өнөөдрийг хүртэл улсад санхүүгийн хувьд дарамт учруулалгүй ажиллаж ирсэн. Рашаан сувиллын салбарыг эмчилгээний техник, технологи, мэргэшсэн боловсон хүчнээр хангах, улсын хэмжээний рашаан сувиллыг мэргэжил арга зүйгээр удирдан чиглүүлэх эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын төв байгууллага болгон хөгжүүлэх нь Монгол Улсад нэн хэрэгтэй үйл болохыг эрхэм Ерөнхийлөгч та мэргэн оюундаа тунгааж УИХ-ын тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд эргэн харж, нягтлан үзэхийг хичээнгүйлэн хүсье” гэжээ.
Гэвч Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд хориг тавих хугацаа ажлын 10 хоног байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул энэ асуудал яаж шийдэгдэх нь тодорхой болсон байна.
Энэ талаар “Оргил” рашаан сувиллын Удирдлага хүний нөөцийн албаны дарга Л.Баянмонгол “Одоо хувьчлахгүй гэж яриад нэмэргүй болсон, харамсалтай л байна. Бидэнд одоо ямар хүн авах бол гэж хүлээх л үлдлээ. Магадгүй анагаах ухааны мэргэжилтэй, энэ чиглэлийн дадлага, туршлагатай хүн авахыг үгүйсгэхгүй юм.
Гэхдээ л хувьчлалаас болж жирийн олон зуун иргэн хохирно. Тухайлбал, манай ажилтнууд, жил бүр ирж үйлчлүүлдэг ахмад настнууд гээд хохирох хүн олон. Учир нь хувьчлал явагдсаны дараа үнэ өөрчлөгдөх нь тодорхой. Мөн аль ч хувийн байгууллагын барьдаг зарчим бол бага хүчээр их ажил амжуулах. Тэгэхээр ажилтнуудын дунд орон тооны цомхтгол явагдах өндөр магадлалтай.
Учир нь тэд Эрүүл мэндийн хуулийн дагуу эрүүл мэндийн салбарт тасралтгүй 25 жил ажилласан хүмүүст олгодог 24 сарын цалинтайгаа тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж авч чадахгүй болох юм. Түүнээс гадна манайх клиник үйлчилгээ явуулдаг.
Тухайлбал, мэс засал хийлгэсэн, зүрхний шигдээстэй, цус харвалтын дараах эмчилгээ хийдэг. Тэгэхээр хувийн байгууллага болчихвол энэ үйлчилгээ зогсоно гэж ард иргэд болон манай байгууллагынхан харж байна. Иймээс хувьчлал хийхдээ ахмадууд болон ажилтнуудын эрх ашгийг хөндөхгүй байхаар шийдвэрлээсэй гэж горьдож суух л үлдлээ дээ” гэж ярив.
“Оргил” рашаан сувиллын ажилтан Г “Өнөөдөр манай байгууллага үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг л байна. Ямар хүн авах бол, ажлаа яаж явуулах вэ, биднийг халж, сэлгэх болов уу, цалин мөнгөний асуудалд яаж хандах бол гэх зэргээр олон таамаг дэвшүүлж дор бүрнээ сандарч байна.
Одоогийн байдлаар юу ч ил тод болоогүй учраас бид ямар арга хэмжээ авахаа ч мэдэхгүй сууж байна. Зарим хүмүүс нь эрүүл мэндийн бусад байгууллагад нээлттэй ажлын байр байгаа эсэхийг сураад эхэлчихлээ.
Заавал ингэж хүмүүсийн ажил, амьдралаар тоглох хэрэг байгаа юм уу гэдгийг гайхаж сууна. Яагаад төрийн ганц сувилал байж болохгүй байгааг ойлгохгүй юм. Харин тус сувиллаар долоо дахь жилдээ үйлчлүүлж буй өндөр настан Хэнтий аймгийн Баянмөнх сумын харьяат С.Ичинхорлоо “Эмээ нь энд ирэх дуртай байдаг юм.
Эндхийн эмчилгээ, үйлчилгээ, хоол нь их сайн санагддаг. Хэрэв хувьчлагдах юм бол үнэ өртөг нь над мэтдээ дийлдэхээ болих байх гэж бодож сууна. 230 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүн чинь хэдээр нь сувиллаар үйлчлүүлээд, хэдээр нь идэж, уух юм бол оо.
Ер нь ахмад настнуудад тэтгэврийн хэдэн төгрөгөнд нь тохирсон сувилал байлгаж яагаад болохгүй гэж” хэмээн ярьж байна. “Оргил” рашаан сувиллыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах болсон. Тэгэхээр хэдэн төгрөгөөс эхлэн дуудах вэ гэдгийг тус байгууллагын үндсэн хөрөнгийг үнэлж байж тогтоох юм байна.
Харин ингэж тогтоох үнэлгээний компанийг сонгон шалгаруулах ажил эхэлсэн гэж Л.Баянмонгол дарга ярилаа. Тэгвэл энэ сувиллын хөрөнгийг өчүүхэн багаар үнэлж чадах компани хэрэгтэй байж мэдэх нь.
УИХ-аас баталсан шийдвэрийг гүйцэтгэх Төрийн өмчийн хорооны Бүтцийн өөрчлөлт, хувьчлалын газрын дарга Д.Эрэвгийлхам “Энэ асуудал хэдийгээр шийдэгдсэн ч гэсэн яаж хувьчлал явуулах тухай заавар, чиглэл бидэнд ирээгүй.
Тэгэхээр энэ асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй. Бид дээрээс ирэх чиглэлийн дагуу л ажлаа гүйцэтгэх болно” гэв. Хувьчилж болно оо. Гэхдээ ард иргэд, ахмад настнууд, ажил амьдралаа энэ байгууллагад зориулсан мэргэжилтнүүдээ хохироохооргүй шийдвэрлээсэй гэж хүсэх л үлдээ шив.
Х.АЗЖАРГАЛ