Нэгэн залуу мөнгөтэй цүнх олоод эзэнд нь буцаан өгсөн явдал онлайн ертөнцөд түүнийг “од” болгов. Тэрбээр фэйсбүүк хуудсандаа энэ тухайгаа оруултал маш олон хүн талархал, магтаал хайрласан сэтгэгдэл бичин, лайк даржээ.
“Мундаг залуу. Буян буцаж ирэхдээ шивэрдэггүй. Харин аадар бороо мэт асгардаг гэсэн ардын сайхан үг бий. Бид ийм л монголчууд” гэж түүнд урам хайрлажээ.

Энэ явдлын гол баатартай холбогдон, цөөн асуултад хариулт авлаа.
-Та өөрийгөө уншигчдад маань танилцуулахгүй юу. Мөнгөтэй цүнх олоод эзэнд нь өгсөн танд олон хүн талархаж байна.
-Намайг Сакен Манарбек гэдэг. Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хөтөлбөрийн удирдлагын мэдээллийн системийн мэргэжилтэн. ШУТИС-ийг Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр төгссөн.
Би энэ постыг ингэж газар авна гэж бодоогүй. Нийгэм бухимдалтай, хүн бүрт мөнгө хэрэгтэй байгаа болохоор хүмүүст ингэж их хүрсэн болов уу.
-Хаанаас олсноо хэлж болох уу. Цүнхэн дотор байсан 20 мянгатын дэвсгэртүүдийг хараад балмагдсан уу?
-Өчигдөр (уржигдар) Цагдаагийн гудамж буюу 100 айл дахь УБЕГ-ын үүднээс такси барьсан юм. Тэгтэл таксины арын суудалд нэг жижиг цүнх байсан. Таксинаас буугаад нээж үзтэл жолооны үнэмлэх байв.
Би дүүдээ гадаад паспорт авах гээд гурав хоног зүдэрсэн болохоор тэр хүнийг бичиг баримтаа гээчихээд сандарч байгаа даа гэж бодоод бушуухан өгөхийг хүссэн. Бичиг баримтнаас гадна 20 мянгатын дэвсгэртүүд байсан.
Би тоолж үзээгүй. Дараа нь тэр хүнээс ч хэд байсныг нь ч асуугаагүй. Ойролцоогоор хоёр сая орчим төгрөг байсан байх.
-Тэр үед танд “Олсон хүний олз” гэж бодогдоогүй юу?
-Хүний юмаар яах билээ дээ. Ноорхой, урагдсан цүнх байсан болохоор “Олон хүүхдээ тэжээх гэж зүтгэж яваа, ядарсан хүн байх” гэсэн бодол төрөөд бушуухан өгөхийг бодсон.
Тэгээд тэмдэглэлийн дэвтэрт нь бичээстэй байсан утас руу залгаж, өөрийнх нь дугаарыг олж аваад уулзсан. Тэр дэвтэр байгаагүй бол цүнхний эзнийг тийм амархан олохг үй байлаа.
-Мэдээж тэр хүн маш их баярласан нь лавтай. Таныг шагнасан гэсэн байх аа?
-Ваакум цонхны лангуу ажиллуулдаг хүн байна лээ. Нэрийг нь Б.Ариунаа гэсэн. “Хүнд өгөх ёстой мөнгө байсан юм. Цүнхээ гээснээ мэдээд ухаан алдаад сая сэргэлээ” гэж байсан. Баярлалаа гээд надад 50.000 төгрөг өгсөн.
Ч.БОЛОРТУЯА