Дэлхийн оюутны Универсиад XXVII наадам БНСУ-ын Гванжу хотод энэ сарын 3-14-нд болсон билээ.
Тус наадамд манай улсаас спортын 12 төрөлд 160 тамирчин өрсөлдөж, хийн гар бууны 10 метрийн дасгалд Э.Даваахүү алт, багийн төрөлд түүний хамт Э.Бадамгарав, О.Төгөлдөр нар мөнгө, гар бууны 50 метрийн дасгалд хүрэл, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Д.Сумъяа алт, 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль авч багийн дүнгээр 24 дүгээр байрт шалгарсан.
Энэ удаагийн наадамд амжилттай оролцсон тамирчдыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Тэрбээр “Алдартнуудаа төрийн дээд одон, медалиар шагнахаас гадна санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлдэг шийдвэрийг тэртээ 1998 онд санаачилсан.
Энэ бодлогоо Засгийн газар цаашид ч үргэлжлүүлнэ. Энэ жилийн дэлхийн оюутны Универсиад наадамд амжилттай оролцож, Гванжугийн тэнгэрт эх орныхоо далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн тамирчид, дасгалжуулагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье” гэлээ.
Энэ үеэр Э.Даваахүү 36, Д.Сумъяа 30, М.Уранцэцэг 10, О.Төгөлдөр, Э.Бадамгарав нарыг тус бүр зургаан сая төгрөгөөр шагнаж, батламжийг нь гардууллаа.
Сонирхуулахад, оюутны “олимп”-д манай тамирчид 1965 оноос хойш оролцож байгаа бөгөөд нийт 11 алт, 14 мөнгө, 25 хүрэл медаль хүртээд байгаа. Энэ жил манай улс тус наадамд оролцсоны 50 жилийн ой тохиож, 50 дахь медалиа авсан юм.
Б.БУЯНДАЛАЙ