БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн гаргах эрх авсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өнгөрсөн баасан гаригт уулзлаа. Одоогоор тус экспортын эрхийг есөн аж ахуйн нэгж аваад байгаа аж. Зарим байгууллага экспортод гаргах технологийн шаардлага хангахгүй байгаа нь боловсон хүчин муу байгаатай холбоотой гэдгийг албаныхан хэллээ. Хэлэлцүүлгийн үеэр “Монгол Фүүд” компанийн захирал Д.Галбадрах “Махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуйн нэгжүүд нийлээд ч Бээжин хотын долоо хоногийн махны хэрэгцээг хангаж чадахгүй. Манай улсад 50-иас дээш хүнтэй үйлдвэрийг томд тооцдог. Гэтэл БНХАУ-д өдөрт хэдэн зуун тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг өчнөөн үйлдвэр ажиллаж байна. Тиймээс бид эхлээд бодит байдлыг ойлгож техник, боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй” гэв. БНХАУ-ын талаас эрсдэлийн үнэлгээний 11 асуултад хариулт авдаг байна. Уг асуултад хариулсан байдлыг шалгаад, аль үйлдвэрт хяналт хийх ёстойг Монголын талд мэдээллэдэг аж. МХЕГ-аас хяналт хий гэсэн үйлдвэрийг шалгаад тэнцсэн, үгүйг хэлдэг юм байна. Манай улсын мах боловсруулах үйлдвэрийн ихэнх нь Европын шаардлагаар явдаг. Гэтэл Хятадын технологи Европын шаардлагаас зөрүүтэй байгааг оролцогчид хэллээ.