Ч.Туяа
Орон нутгийн замд авто осол гарч, хүний амь эрсдэх нь буурахгүй байна. Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Жарын Даваа гэх газар (асфальтан замд) иргэн Т-гийн жолоодож явсан “Hyundai Mighty” автомашин “Hyundai Avante” маркийн Б жолоочтой автомашинтай мөргөлдсөний улмаас жолооч Б болон зорчигч долоон настай хүү амиа алджээ. Уг хэрэг өчигдөр 13.00 цагийн үед болсон бөгөөд тус аймгийн Замын цагдаагийн тасгийнхан шалгаж байгаа аж. Бага насны хүүхэд тээврийн хэрэгслийн золиос болсон тохиолдол үүгээр зогссонгүй. Чингэлтэйн өргөн чөлөө, Яргайтын 41-643 тоот хашааны зүүн замд явж байсан сургуулийн насны хүүхдийг улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч дайрч, аминд нь хүрчээ.
Энэ сарын 10-наас өнөөдрийг хүртэлх 14 хоногийн хугацаанд Замын цагдаагийн газарт 3686 дуудлага ирснээс осол хэргийн шинжтэй нь 2696. Үүний улмаас 182 хүн гэмтсэнээс 44 нь хүүхэд аж.