Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн нээлт өнөөдөр боллоо. Ингэснээр иргэд олон улсын жишгээр автобусанд цахим карт уншуулан зорчиж эхлэв. Картны үндсэн үнэ 3600 төгрөг аж. Иргэд хэрэглээндээ тохируулан картаа мөнгөөр цэнэглэнэ. Томоохон худалдааны төв, ихэнх автобусны буудалд карт борлуулах, цэнэглэх 500 орчим цэг байгуулахаас 280-тай нь гэрээ байгуулсан гэнэ. Ирэх лхагва гаригаас кондуктор тасалбар таслахгүй тул иргэд нэг бол картаа уншуулж, эсвэл жолоочийн хажууд байрлуулсан шилэн хайрцганд мөнгөө хийнэ. Хариулт өгөх боломжгүй учраас 500 төгрөгөө тааруулж хийх шаардлагатай юм байна. “Улаанбаатар смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболор “Цахим төлбөрийн систем жигдэртэл 1.5 жил шаардлагатай болох байх. Энэ хугацаанд кондуктор иргэдэд туслахаас гадна карт уншуулж байгаа эсэхэд хяналт тавина. Үүнээс цааш тэдэнд ажлын байр нийслэлээс гаргаж өгөх байх. Иргэд 100 хувь картаар зорчдог болсон тохиолдолд бэлэн мөнгөний хайрцагийг хураана” гэлээ.
Оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, энгийн гэсэн таван төрлөөс та сонгон картаа авна. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэд картаа дүүргийнхээ Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс авах юм байна. Харин оюутнуудын 110 мянга гаруй картын захиалгыг Монголын оюутны холбоо авчээ. Гэхдээ нэг оюутнаас 10 мянган төгрөг авсан нь хардлага төрүүлж байгаа гэнэ.
Нийслэлийн Халамж үйлчилгээний газрын Тамгын хэлтсийн дарга Н.Оюунбилэг “Ахмад настанууд иргэний үнэмлэхний хуулбар, Худалдаа хөгжлийн банк, эсвэл Төрийн банкинд картны үнэ 3600 төгрөг тушаасан баримтаа авчирч карт авна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээрх материалуудаас гадна хөдөлмөрийн чадвараа алдсан гэдгийг батлах баримтын хуулбарыг авчрах хэрэгтэй. Карт нэг жил хүчинтэй” гэв. Карт зураггүй учраас оюутнууд өмнө нь ашиглаж байсан картаа давхар авч явах шаардлагатай аж. Ер нь картнууд төрлөөсөө хамаарч уншуулахад өөр дуугардаг юм байна. Одоогийн байдлаар хөнгөлөлттэй зорчдог иргэдэд төдөн удаа зорчино гэсэн хязгаар тогтоогоогүй бөгөөд яваандаа сард хэдэн удаа зорчихыг тооцож гаргах гэнэ. Түүнчлэн иргэдийг картаа уншуулж, зорчиж байгаа эсэхэд байнга гэнэтийн шалгалт хийх аж.
Цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр ирэх наймдугаар сарын 15-наас чиглэлийн давхцалыг арилгаж, шинэ маршрут гаргахаар төлөвлөжээ. Тодруулбал, Энхтайвны өргөн чөлөөнд чиглэлийн өөрчлөлт хийн, богино эргэлт бий болгоно. Ингэснээр олонх автобус Офицеруудын ордон, Зүүн дөрвөн зам, X хороолол, Саппоро, Таван шарын уулзвараар богино эргэлт хийх юм байна.
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1200 орчим автобусны 1170-д нь камер, мэдээлэл дамжуулагч, төлбөрийн карт уншуулагч, лед дэлгэц зэрэг найман тоног төхөөрөмж суурилуулжээ. Үлдсэн нь насжилт өндөртэй автобус, троллейбус тул тоног төхөөрөмж суурилуулахад хугацаа хэрэгтэй байгаа гэнэ. Эдгээрт нийт 13 сая ам.доллар зарцуулсан байна. Ер нь төслийн хүрээнд улс болон нийслэлийн төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй, Монгол, БНСУ-ын хамтарсан “Улаанбаатар смарт компани” зардлыг гаргаж, орлогоороо зарлагаа нөхөх юм.