Нью-Йоркийн металлын биржид зэсийн ханш 2009 оноос хойших хамгийн доод түвшиндээ хүрсэн талаар “Financial Times” уламжиллаа. Уг таваарын нийлүүлэлт нэмэгдэж, эрэлт багассан нь ийн нөлөөлжээ. Мөн хамгийн том хэрэглэгч Хятадын эдийн засгийн өсөлтийн төлөв нөлөөлж буй аж. Шанхайн металлын биржид бас зэсийн үнэ сүүлийн зургаан жилийнхээ доод үнэлгээнд очсон гэнэ. Өнгөрсөн долоо хоногт суурь металлын ханш нийт долоо гаруй хувиар хямдарчээ.
“Goldman Sachs”-ын зүгээс зэсийн үнэ цаашид хямдрах төлөвтэй хэмээн таамаглаж буйгаа мэдэгдсэн бөгөөд энэ нь 2018 он хүртэл үргэлжилж магадгүйг дурджээ. Тодруулбал, дээрх хугацаа хүртэл ханш нь даруй 44 хувиар хямдарч магадгүй аж. Түүнчлэн 2020 он хүртэл зах зээлд нийлүүлэлт, эрэлт тэнцвэржихгүй байх тооцоог тус банкныхан гаргасан байна. Нөгөөтэйгүүр, уг таваарын үйлдвэрлэлийн өртөг буурахаар байгаа аж. Тэд мэдэгдэлдээ “Ирэх жилүүдэд тавааруудын үнэ буурна. Энэ оны эцэс хүртэл зэсийн үнэ дахин 15 хувиар буурч болзошгүй” гэжээ.
Баасан гаригт Нью-Йоркийн “Comex” биржид ирэх есдүгээр сард худалдан авах зэсийн ханш 1.8 хувиар хямдарч, фунт нь 2.38 ам.доллартай тэнцэх болов. Мөн Лондоны металлын биржид гурван сарын дараа нийлүүлэх уг таваарын үнэ 1.7 хувиар багасансанаар тонн нь 5272 ам.доллартай дүйлээ.
Ц.Болор