Ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг иргэдийн оролцоотойгоор дахин төлөвлөн барилгажуулахаар нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид 2014 онд журам гаргасан. Энэ дагуу Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон барилгуудыг буулган, дахин барьж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 11 компани төсөл хэрэгжүүлж байна. Гэтэл сүүлийн үед “Хуучин барилга буулгах тендер олж өгнө” гэж иргэд, хуулийн этгээдийг залилсан тохилдол удаа дараа гарчээ. Иймээс нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас иргэдийг сэрэмжлүүлэх зорилгоор мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд 80 барилгад төсөл хэрэгжүүлж байгаа аж. Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин барилгыг буулгана гэсэн дан ганц ажил байхгүй. Иргэдтэй гэрээ байгуулах, барилгыг буулгах, дахин барих, хүлээлгэн өгөх гээд бүх үйл ажиллагааг тухайн аж ахуйн нэгж бүрэн гүйцэтгэх юм байна. Залилан мэхлэгч этгээдэд хууртаж, эд хөрөнгөөр хохирсон бол цагдаагийн байгууллагад хандан шалгуулж, тухайн төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж, хууль бус, залилан мэхлэх үйлдэлд өртөхгүй, өөрсдийн эд хөрөнгөөр хохирохгүй байхыг сэрэмжлүүллээ.