Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургууль эхэллээ. Энэ жилийн сургуулийг БСШУ-ы сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг монгол судлалын төвүүдтэй хамтран зохион байгуулж байна. Зуны сургуулийн гол зорилго нь ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд тусгай сургалт зохион байгуулах явдал аж. 2015 оны залуу монгол судлаачдын зуны сургуульд Орос, Герман, Швейцар, Чех, Унгар, Турк, Казакстан, Хятад, Япон, БНСУ, БНАСАУ зэрэг 11 орны 18 их сургууль, судалгааны төвөөс 29 залуу судлаач, оюутнууд оролцохоор иржээ. Залуу судлаачид хөдөө малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол ахуйтай танилцах хичээл үзэхээс гадна ШУА, МУИС, СУИС, МУБИС-ийн нэртэй эрдэмтдийн лекц сонсох юм.