Нийслэлийн Тээврийн газар өнгөрсөн зургадугаар сард 18 метр урт, таван хаалгатай угсраа 20 автобусыг оруулж ирсэн. Беларусь улсын “МАЗ” компанид үйлдвэрлэсэн, тус бүр нь 400 сая төгрөгийн үнэтэй уг автобус долдугаар сарын 9-нөөс Энхтайваны өргөн чөлөө буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордны чиглэлд үйлчилгээнд явах байв. Гэвч эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замын автобусны буудлын халаасыг битүүлэх, нэгдүгээр эгнээг тусгаарлах, мөн магистрал шугамын засвартай холбоотойгоор үйлчилгээнд явах хугацааг хойшлуулсан юм. Тэгвэл тус автобус наймдугаар сарын 15-наас үйлчилгээнд явахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор Энхтайваны өргөн чөлөөний чиглэлд зорчиж байгаа автобусны маршрутад өөрчлөлт оруулж, одоо явж байгаа 300 гаруй автобусыг 100 орчим болгож цөөлнө.