Нийслэлийн Тээврийн газар өнгөрсөн зургадугаар сард 18 метр урт, таван хаалгатай угсраа 20 автобус оруулж ирсэн. Беларусь улсын “МАЗ” компанид үйлдвэрлэсэн, тус бүр нь 400 сая төгрөгийн үнэтэй уг автобус долдугаар сарын 9-нөөс Энхтайваны өргөн чөлөө буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордны чиглэлд үйлчилгээнд явах байв.
Гэвч эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замын автобусны буудлын халаасыг битүүлэх, нэгдүгээр эгнээг тусгаарлах, мөн магистрал шугамын засвартай холбоотойгоор үйлчилгээнд явах хугацааг хойшлуулсан юм.
Тус автобус хэзээ үйлчилгээнд явж эхлэх талаар нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбатаас тодруулахад: -Угсраа автобус наймдугаар сарын 15-наас үйлчилгээнд явна.
-Харахад зай муутай юм байна. Хэдэн хүний суудалтай вэ?
-160 хүний багтаамжтай. Намхан шалтай болохоор мотор нь дотроо байрладаг. 40 орчим хүний суудалтай. Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордноос Таван шарын чиглэлд үйлчилгээнд явна.
Иргэд урд хоёр хаалгаар орж, хойд талын гурван хаалгаар бууна. Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй, өндөр настай хүмүүс зорчиход зориулж энэ автобусыг оруулж ирсэн. Мөн хүйтэн, дулааны улиралд тохирсон нэмэлт дулаалгын систем болон салхивчтай.
Түүнчлэн шатахуун зарцуулалт одоо явж байгаа автобусыг бодвол харьцангуй бага. Хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд зориулалтын талбайд тэргэнцэртэйгээ зогсох боломжтой.
-Угсраа автобусыг төв замаар явуулснаар маршрутад ямар өөрчлөлт орох вэ?
-Энхтайвны өргөн чөлөөгөөр явж байгаа 300 гаруй автобус 100 орчим болж цөөрнө.
Э.ЦЭЦЭГ