Нийслэлчүүд ойрын өдрүүдэд үргэлжилсэн борооноос болоод нэлээд бухимдах болсон. “Нэг бол усан завь худалдаж авах. Үгүй бол сэлж сурцгаая” хэмээн фэйсбүүк, твитерээр жиргэцгээж, нийслэлийн ус зайлуулах шуудуу, далан, шугам хоолойг шүүмжилж буй. Улаанбаатар хотод үүрийн 05.00-08.30 цаг хүртэл орсон усархаг борооны улмаас Дарь-Эхийн зам усанд автаж, түгжрэл үүсгэжээ. Баянзүрх дүүргийн XXVII хорооны нутагт орших уг авто замыг 2012 оноос шинэчилж, хуучин замыг нь хуулсан юм. Гэсэн ч шинээр тавьсан энэ замд ус зайлуулах хоолой хийгээгүйн улмаас бороо орох бүрт ийн усанд автаж, замын хөдөлгөөнд саад учруулсаар байна.
Өнөө өглөөний борооноор айл, өөр авто зам усанд автсан, эсэхийг Онцгой байдлын ерөнхий газрынхнаас тодруулахад “Одоогоор ноцтой дуудлага ирээгүй байна. Энэ сарыг дуустал ихэнх нутгаар бороотой. Улсын хэмжээнд голуудын түвшин ихээр нэмэгдэж байхад иргэд анхаарал болгоомжгүйгээсээ болж гол усанд осолдож, амиа алдах нь нэмэгдэх болсон. Өнөөдрийн байдлаар 12 аймгийн 35 сум, нийслэлийн дөрвөн дүүргийн 57 хүн усанд осолдож, нас барсан. Үүний 19 нь бага насны хүүхэд. Наадмаас хойш л гэхэд зургаан хүүхэд голын усанд эндчихсэн байх жишээтэй” гэж ярив.