Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн цаг уурч А.Алтаншагайгаас ойрын өдрүүдийн цаг агаарыг тодрууллаа.
-Бороо их орж байгаа учраас ихэнх голын үерийн түвшин нэмэгдэж байгаа гэсэн үү?
-Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орох тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аялаж зугаалж буй хүмүүс гэнэтийн үерийн аюулаас сэрэмжтэй байх хэрэгтэй. Тэр дундаа Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол, Тариалан сум орчимд үерийн түвшин 5-40 см давсан байдалтай байна. Манайхан сануулсаар байхад огт анзаарахгүй юм. Олон хүн үерийн аюулаас болж эндэж байна.
-Ирэх сард ч үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа юу?
-Өнөөдөр төв болон зүүн зүгийн ихэнх нутаг, говийн нутгийн зарим газраар борооших төлөвтэй байна. Маргааш буюу 29-нд зүүн аймаг, говийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороотой. 30-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороотой. Харин ирэх сарын 1-нээс ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох төлөвтэй байна. Гэхдээ агаарын температурын хувьд энэ сарын 30, 31-нд ихэнх нутгаар хална. Алтай хангай, Хэнтийн уулархаг нутаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм байна.