Нийслэлийн Засаг дарга А/304 дүгээр захирамж гарган, Шилдэг тохижилт, үйлчилгээтэй эрүүл мэндийн байгууллагуудыг шалгаруулж, урамшуулахаар шийдвэрлэсэн. Үүнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ЭМСЯ-ны харьяа төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагууд, дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Амаржих газар, тусгай мэргэжлийн төв, өрх, тосгоны Эрүүл мэндийн төвүүд оролцох боломжтой. Мөн болзол, шалгуур хангасан шилдэг эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн, өрх, тосгоны шилдэг эмч, сувилагч, үйлчилгээний шилдэг ажилтан шалгаруулан, урамшуулахаар болоод буй. Уг шалгаруулалтыг ирэх ес, аравдугаар сард хоёр үе шаттай зохион байгуулах юм.
Тэргүүн байр эзэлсэн нэг байгууллагыг 120 сая төгрөг (гурван байр шалгаруулна)-өөр урамшуулах учраас эмнэлгүүд нэлээд ширүүн өрсөлдөж буй бололтой. Улсын хоёрдугаар төв эмнэлгийнхэн сарын хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж байна. Тэд төв хаалганыхаа дэргэдэх харуулын хоёр байраа засварлаж, 100 метр явган хүний зам тавьж, гадаад талбайнхаа 9000 ам метр хөрсийг хагалж, сийрэгжүүлэн үр суулгаж, зүлэгжүүлжээ. Мөн хашаан дотроо цэцгийн 20, гаднаа 19 мандал шинээр хийсэн байна.