Зуслангийн чиглэлийн зам засварын ажлын явцын талаар Нийслэлийн Авто замын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Намжилмаагаас тодрууллаа.
-Зуслангийн зам засах ажил хэдэн хувьтай байгаа вэ?
-Зуслангийн замыг засах ажил 40 орчим хувьтай явж байна. Цаг агаарын байдлаас шалтгаалж, бага зэргийн өөрчлөлт гарч байгаа ч нийт зам засварын ажлыг ирэх аравдугаар сарын 30-нд бүрэн дуусгахаар болсон. Харин Дамбаржаагийн уулзвараас Шарга морьтын төмөр бетон гүүр хүртэлх чиглэлийн замыг ирэх сарын 6-нд түр нээнэ.
-Гачууртын замыг түр хугацаанд нээнэ гэж мэдэгдсан ч одоо хүртэл хаалттай байгаа гэсэн үү?
-Зам засварын ажил эхлэхээс өмнө Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл иргэдийг энэ жил зусланд гарахгүй байхыг зөвлөсөн. Гэхдээ иргэдийн зуслан явах хөдөлгөөн огт буурахгүй байгаа учраас долдугаар сарын 10-наас ирэх сарын 10 хүртэл зарим замыг нээхээр болсон. Гэхдээ бороо их орж байгаа болохоор тэр орчмын замыг засахын тулд түр хаасан байж магадгүй.
-Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьт хүртэлх зам засвар хийх компанийн тендерийн шалгаруулалт удаан үргэлжилсэн. Ирэх аравдугаар сар гэхэд засварын ажлыг дуусгаж амжих уу?
-Энэ замыг гурван эгнээтэй болгоно. Түүнчлэн нэг талд нь хоёр метрийн өргөнтэй дугуйн зам, мөн явган хүний зам, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөсөн. Тендер шалгаруулах ажил удаан үргэлжилсэн ч засварын ажлыг товлосон цагтаа дуусгана.