Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболдоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодруулаа.
-БНСУ-д Ойрхи Дорнодын амьсгалын замын синдром гэгддэг МERS-ын халдварын тархалт ямархуу байна вэ?
-Тус улсын Гадаад хэргийн яамнаас долдугаар сарын 20-нд гадаадын Дипломат төлөөлөгчийн газруудад зориулан коронавирусын халдварын байдлын талаар мэдээлэл хийсэн. Тавдугаар сарын 20-нд БНСУ-д уг өвчний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш Засгийн газар нь шуурхай арга хэмжээ авч, ДЭМБ-тай хамтран ажилласны дүнд бүрэн хяналтадаа авч, тархалтыг бүрэн зогсоосон болохоо зарлалаа. Тухайлбал, сүүлийн 16 хоногт халдвар авсан, нас барсан хүний тоо нэмэгдээгүй, хөл хорио тогтоогоогүй зэргээс харвал БНСУ өвчингүй болсон нь илт.
-Хэчнээн хүн уг өвчнөөр халдварлаж, хэд нь нас барав?
-Нийт 186 хүн өвчилсний 36 нь нас барсан. 10 гаруй мянган хүний хөл хорьсон. Олон улсад халдварын улмаас нас барах тохиолдол 35-40 хувь байдаг бол БНСУ-д 19 хувь байсан.
-БНСУ-д зорчих манай иргэдийн тоонд өөрчлөлт орсон уу?
-Тус улсыг зорих зорчигчдын урсгал саараагүй. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад харин ч нэмэгдсэн. Энэ нь виз олгох нөхцөл сайжирсантай холбоотой. МERS-ын халдвар гараагүй байсан бол зорчигчдын тоо улам нэмэгдэх байсан болов уу.
-Тэгвэл манайхан БНСУ-д зорчих, ялангуяа эмнэлгүүдээр нь үйлчлүүлэхдээ ямар нэгэн зүйлд санаа зовох, болгоомжлох шаардлагагүй болох нь ээ.
-Тийм ээ, аюулгүй болсон гэдгийг тус улсын Засгийн газар албан ёсоор мэдэгдэж байна. Уг өвчний халдвартай тэмцэх шуурхай албад үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн хэвээр. ДЭМБ болон бусад олон улсын байгууллага, гадаад улстай хамтран ажиллаж, туршлага, сургамжаасаа хуваалцаж, вакцин гаргах талаар ажиллаж байна. МERS-ийн халдварын улмаас БНСУ-д онц шаардлагагүй бол зорчихгүй байхыг иргэддээ анхааруулаад байсан долоон улс-ын тав нь үүнийгээ цуцалсан. Тиймээс ард түмэндээ хандаж хэлэхэд урьдын адил аялаж, амрах, бизнесийн болон эмнэлгийн үйлчилгээгээ санаа зоволтгүй авч болохоор боллоо. Гэхдээ БНСУ-д байх хугацаандаа тус улсын хуулийг сайтар дагаж биелүүлэх, ялангуяа хууль бусаар үлдэхгүй байхыг иргэддээ анхааруулъя.