Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах Онцгой комиссыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар байгууллаа. Энэ зун зуншлага нийт нутгийн 60 хувьд зуншлага гантай болон гандуу байгаа тул малын тарга тэвээрэг муу байгаагаас гадна хадлан тэжээл, тариа будааны гарц ч бага байна гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Онцгой комиссыг Шадар сайд ахалж, орлогч даргаар нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа ажиллана. Харин гишүүдээр Сангийн сайд Ж:Эрдэнэбат, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд болон зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох байгууллагуудын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нар гишүүдээр ажиллана.
Өвөлжилтийн ажлыг зохион байгуулах Онцгой комиссын ажиллах журам, хариуцан гүйцэтгэх ажлын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж, энэ долдугаар сарын 31-ний дотор багтаан танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд, тус комиссын дарга У.Хүрэлсүхэд даалгалаа.