Өнгөрсөн тавдугаар сараас хойш 36 хүний аминд хүрээд байгаа МЕРС вирусын тархалт зогссон тухай Өмнөд Солонгосын ерөнхий сайд Ким Хван өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ.
Ерөнхий сайд Ким Хван “МЕРС вирусын халдвараас айж эмээлгүй чөлөөтэй явах боломжтой боллоо. Мөн тэрээр ард иргэдийн амьдралын тав тухтай байдлыг алдагдуулсан явдалд уучлалт хүсч, өдөр тутмын энгийн амьдралдаа эргэн орохыг хүсч байна” гэжээ.
Үүгээр зогсохгүй Өмнөд Солонгосын ерөнхий сайд Ойрхи Дорнодоос гаралтай МЕРС вирусын халдварын эсрэг урьдчилан арга хэмжээ аваагүйдээ уучлалт гуйсан байна. Бүгд Найрамдах Солонгос улсад МЕРС вирусын анхны тохиолдол тавдугаар сарын 26-нд илэрсэн юм. Засгийн газар болон холбогдох эрүүл мэндийн байгууллагууд вирусын эсрэг яаралтай хариу арга хэмжээ аваагүй гэсэн шүүмжлэлд өртөж байсан юм. Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын парламент МЕРС вирусын тархалтаас үүдэн саармагжаад байгаа эдийн засгийн сэргээхэд зориулсан 11 триллион воны төсвийг баталсан юм. Энэ аюулт вирусын тархалтаас үүдэн Өмнөд Солонгосыг зорих гадны жуулчдын тоо энэ жил 40 хувиар буурсан байна.
Эх сурвалж: BBC