“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, Г.Дамдиндорж, Ч.Ууганбаяр, Д.Батжаргал, С.Баттулга нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр боллоо. “Ноёд” группийн харьяа “Ноёд констракшн” компанийн өмчлөгчийн асуудал маргаан дагуулж, өөрсдийгөө “жинхэнэ” эзэн нь хэмээж буй С.Билэгт, Г.Буяндорж нарын хэнийх нь үнэн, эсэхийг шүүх эцэслэн тогтоогоогүй байгаа. Гэтэл хэрэг шийдэгдээгүй, эх сурвалж нь тодорхой байхад Info.mn сайтын сэтгүүлч С.Баттулгыг С.Билэгтийг гүтгэн доромжилсон буюу Эрүүгийн хуулийн 111.2 дахь зүйлээр хорьж цагдсан явдал олны анхаарлын төвд буй. Үзэг нэгт нөхөд нь С.Баттулгыг суллахыг уриалж, тайван жагсаал, чимээгүй суулт зарлан, тэмцэл өрнүүлсэн. Түүнийг Г.Буяндоржтой үгсэн хуйвалдаж, тохиролцсоны эцэст ийм мэдээлэл цацсан гэж С.Билэгт гомдол гаргаснаар ийн цагдан хорьсон.
Шүүх хурал 13.30 цагт эхэллээ. Шүүгч С.Батжаргал, улсын яллагч Н.Мөнхнаран, хохирогч С.Билэгтийн хоёр өмгөөлөгч болон шүүгдэгчдийн өмгөөлөгч, сэтгүүлч, хөндлөнгийн ажиглагчид шүүх хуралд оролцов. Хурал эхлэхэд С.Билэгтийн өмгөөлөгч 45 хуудас нотлох баримт дэлгэсэн ч шүүгдэгчдийн өмгөөлөгч хуульд үндэслэн баримтаа цуглуулаагүй тул нотлох баримтад авахгүй байхыг хүссэн юм. Хурлын үеэр Г.Буяндорж “Бид гүтгэх биш гүтгүүлчихээд, эд хөрөнгөө бусдад алдаад, өөрсдөө сэжигтэн болсон нь үнэхээр харамсалтай. Хүн гүтгээгүй, ярьсан бүхэн минь үнэн. 2010 онд би Зайсанд 10 давхар орон сууц барьсан. Тэр үед С.Билэгт гэх энэ эмэгтэй надтай ирж уулзан, таван өрөө байр зээлээр авах санал тавьсан.
Санхүүжилт орж ирэхээр зургаан тэрбум төгрөгийг манай компанид жилд гурван хувийн хүүтэй зээлүүлнэ гэсэн болзолтой. Гэсэн ч амласандаа хүрэхгүй, олон удаа хуурч мэхэлсэн учраас би шүүхэд хандсан. Гэтэл миний гомдлыг хэрэгсэхгүй болгоод эсрэгээрээ би өөрөө залилагч болж хувирлаа. С.Билэгт надаас “Ноёд констракшн”-ыг 549 сая төгрөгөөр худалдан авсан гэж худал ярьж байна. Тэр мөнгөө хэзээ, хаана өгснөө ч өөрөө мэдэхгүй, хавтас хэрэгтээ олон янзаар мэдүүлэг өгсөн нь үүнийг батална. Би найман тэрбумын ашигтай ажилладаг компаниа 549 сая төгрөгөөр зарах уу” гэж мэдүүлсэн юм.
Харин сэтгүүлч С.Баттулга “Намайг Эрүүгийн хуулийн 111.2 дахь зүйлээр ялласныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Г.Буяндоржоос хэдэн төгрөг аваад, эсвэл С.Билэгтэд өс санасандаа нийтлэлээ бичээгүй. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх Үндсэн хуулиар хүн бүрт олгогдсон. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл Г.Буяндорж, С.Билэгтийн бууны нохой биш. Иргэн хүн хохирсон, баримт нь байгаа үед сэтгүүлч тэр тухай бичиж л таараа. Хүмүүст сэрэмжлүүлэг болгох үүднээс нийтлэлээ бичсэн” гэв. Дугаар шилжих мөчид шүүх хурлын шийдвэр эцэслэн гараагүй байлаа.