Өнгөрсөн сард Налайх дүүрэгт айлын гэр шатаж 16 настай Г.Цэрэнтогтох хүү найман сартай дүүгээ галаас аварч, өөрөө 80 хувь түлэгдсэн билээ. Түүний эмчилгээний зардалд 268 сая төгрөг шаардлагатай болсон юм. Монголын залуучуудын холбооны Хүмүүнлэгийн байнгын хорооны залуучууд өнгөрсөн наадмын өдрүүдэд хүүд туслахаар “Ахыг аваръя” хандивын аян зохион байгуулжээ. Ингэхдээ тэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт асар барин, сурталчилгааны самбар байрлуулан хандив цуглуулсан байна.
Хандивын аянд Монголын наадамчин олон, ард иргэд идэвхтэй оролцон А.Цэрэнтогтох хүүг хурдан эдгэрэхийг хүсээд өглөгийн гараа сунгажээ. Тэд энэ үеэр багагүй хэмжээний хандив цуглуулсан тухайгаа өчигдөр мэдээллээ. Одоогийн байдлаар 210 сая төгрөг цуглуулсан бөгөөд эмчилгээний зардлыг гүйцээхэд 60 сая төгрөг дутуу байгаа ч туслах хүсэлтэй иргэд бий гэдгийг энэ үеэр хэлж байв.