Иргэд аялал зугаалгаар явах нь олширч байгаа энэ үед орон нутгийн замд осол гарах нь нэмэгдсэн гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ. Жолооч нар орон нутгийг зорихдоо замынхаа нөхцөл байдалд хурдаа тохируулж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгах хэрэгтэйг энэ үеэр анхааруулж байв. Мөн малчдын ашигладаг, БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль нь хатуу хучилттай замд явахад зориулагдсан бөгөөд манай орны бартаа ихтэй замд тохирохгүй гэдгийг сануулсан юм. Иргэд мотоциклиор зорчихдоо хамгаалах малгай өмсдөггүй нь амь насаа алдах шалтгаан болдог аж.
Өнгөрсөн ням гаригийн 13.00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Алаг-Эрдэнэ багийн нутаг Эрхэт нуур гэх газар Мөрөнгөөс Хатгал орох 46 км хатуу хучилттай замд “Toyota Crown” маркийн суудлын автомашин онхолдож жолооч, 29 настай эмэгтэй М, мөн тус аймгийн Тосонцэнгэл сумын I баг Тосны булаг гэдэг газрын шороон замд 15.10 цагийн үед улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн “Мустанг-5” мотоцикль онхолдож жолооч, 43 настай эрэгтэй О нас баржээ. Түүнчлэн Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн тийш 500 метрийн зайд 21.00 цагийн орчимд “Toyota Prius” суудлын автомашин онхолдож, зорчигч 40 настай эмэгтэй С нас барсан харамсалтай хэрэг гарсан аж.