Энэ зун ихэнх нутгаар зуншлага муу, нийт нутгийн 60 хувь нь гандуу болон гантай байгаатай холбоотойгоор нийт ургацын 80 хувийг алдах нөхцөл байдал бий болоод байгаа хэмээн тариаланчид мэдээлсэн. Харин энэ талаар салбар хариуцсан яам болон сайд нь ямар нэгэн мэдэгдэл хийхгүй байгаа нь яамныхан ажлаа мэддэггүй, чаддаггүй хэмээн дүгнэхэд хүргэж буй. Ийм байр суурьтай байгаагаа хэд хэдэн жиргээчид олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан илэрхийлээд амжсан.
Хүнс, хөдөө аж ахуйн сайд болон хариуцсан яамыг тойрсон хэл ам намжаагүй байгаа энэ үед бас нэгэн яриа цахим ертөнцөд дэгдлээ. Бараг жилийн өмнө “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Э.Солонгод өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр манай яаманд мэргэжлийн хүн алга. Хэдэн мэргэжилтнийг эс тооцвол тариа будаа мэддэг нэг ч хүн байдаггүй. Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар бүгд энэ салбарыг мэддэггүй хүмүүс. Орон нутагт байгаа компаниудтай бид холбоотой байгаа.“Атрын III аян”-ы ачаар өндийж, болоод явж байсан ажлыг Засгийн газар аятайхан аваад явчихгүй. Харин ч том компаниудын ивээлд багтаж, хувь хүртэхийн тулд зарим төрийн албан хаагчид элдэв саад бэрхшээлийг бий болгож байна. Саяхан гэхэд салбарын яамны эрх мэдэлтэй гурав, дөрвөн хүн нийлж, үгсэн хуйвалдаж байгаад хуулийн эсрэг тариаланчдыг дарамталсан мэдэгдэл гаргалаа. Тэд “Та нар буудайгаа 500 мянган төгрөгөөс дээш үнээр өгвөл бид Оросоос улаанбуудай оруулж ирнэ” гэх зэргээр зарим гурилын компанийн санаачлагаар тариаланчид руу дайрлаа. Тэр ч бүү хэл бидэнд гаднаас, ОХУ-аас оруулж ирэх улаанбуудайн квотыг аль гурилын компанид хэдэн хувийг хэрхэн өгөх талаар хуваасан баримт олдсон” хэмээн салбарынхаа сайдын, яамных нь мэргэжилтнүүдтэй нь хамт нудраад авсан Үр тариалан эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэгийг Р.Бурмаа өөрийг нь гүтгэж, нэр төрд нь халдсан гэсэн үндэслэлээр цагдаад өгчээ.
Энэ талаар тодруулахаар Үр тариалан эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэгтэй холбогдлоо.
-Таныг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа цагдаад өгсөн гэх мэдээлэл гарсан байна. Энэ талаар та хэдийд мэдсэн бэ?
-Өчигдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс утасдаж, энэ талаар хэллээ.
-Сайд ямар үндэслэлээр гомдол гаргасан юм бол?
-Нэр төрд нь халдсан гэсэн. Цагдаагийн газарт очиж гомдолтой танилцаагүй болохоор яг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан ямар мэдээллийг гүтгэлгийн шинж чанартай гэж үзэж, гомдол гаргасан талаар нь мэдээгүй байна.
Одоо л Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү явах гэж байна даа. Миний твиттер хуудсыг хаачихсан байна.
-Яг хэдийд хаасан бэ? Энэ гомдолтой холбоотой юу?
-Сайн мэдэхгүй байна. Твиттерийг ингэж хэсэгчлэн орох эрхийг хязгаарлан, хааж болдог юм байх даа.
Гомдол гаргасан сайд Р.Бурмаатай холбогдохоор 9911.... дугаарт залгасан боловч хариу өгсөнгүй. Харин туслах нь “Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга” хэмээн хариуллаа.