Өчигдөр эхэлж, оройн 23.00 цаг хүртэл үргэлжилсэн “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, Г.Дамдиндорж, Ч.Ууганбаяр, Д.Батжаргал, С.Баттулга нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэр гарлаа.
Долдугаар сарын 9-нд товлосон шүүх хурал 27 хүртэл хойшилж, сэтгүүлч С.Баттулга болон бусад дөрвөн шүүгдэгчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг сэргээх шийдвэр гаргасан нь олны анхаарлыг татаж, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл уг шийдвэрийг хууль бус хэмээн дүгнэж байсан. Харин дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Хохирогчийн өмгөөлөгч Б.Сарантуяагийн шүүгдэгч нар манай үйлчлүүлэгчийн гэрийн гадаа очиж хаалга үүдэн дээр янз бүрийн юм нааж дарамталж байгаа тул батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорьж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу шийдвэр гаргасан хэмээн тайлбарласан.
Өнөөдөр 09.00 цагт эхэлсэн шүүх хурлын шийдвэр Г.Буяндорж, Д.Батжаргал, Г.Дамдиндорж, Ч.Ууганбаяр нарыг Эрүүгийн хуулийн 253.1.2-д заасны дагуу Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүх хуралдаанд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, Эрүүгийн хуулийн 111.3-ын дагуу сэтгүүлч С.Баттулга нартай үгсэн хуйвалдаж, иргэн С.Билэгтийг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн гэх үндэслэлээр Улсын яллагч буруутай гэж үзлээ. Иймээс иргэн Г.Буяндоржид 3.3 жил, Д.Батжаргал, Г.Дамдиндорж нарыг гурван сар баривчлан хорих, сэтгүүлч С.Баттулгыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлж төлөх шийдвэр гаргалаа. Сэтгүүлч С.Баттулгын хоригдсон хугацааг харгалзан үзэж торгуулийн мөнгөн дүнгээс 4.2 сая төгрөгийг хасаж тооцохоор тогтсоноос гадна шүүгдэгч Ч.Ууганбаярыг цагаатгажээ.