Нийслэлийн хот тохижилтын ажилд энэ жил 100 гаруй тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Үүний тодорхой хувийг ногоон байгууламжид зарцуулах ёстой. Гэтэл Занабазарын гудамж буюу Гандангаас баруун дөрвөн замын уулзвар хүртэлх зайд тарьсан моднууд шарлаж, үхээд удаж байна. Өнгөрсөн жилүүдээс хоёр дахин их мөнгө төсөвлөөд ч нийслэлийн ногоорохгүй нь. Энэ талаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны Ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Л.Баатарцогтоос тодрууллаа.
-Занабазарын гудамжид тарьсан модны ихэнх нь шарлаж, үхсэн байна. Энэ ямар учиртай вэ?
-2008-2011 оны хооронд тэр хэсэгт нарс мод тарьсан. Тухайн үед Баянгол дүүргийн тохижилт үйлчилгээний албаныхан арчилгааг нь хариуцаж авсан ч маш муу ажилласан. Ер нь модонд арчилгаа, хөрс, агаар чухал байдаг. Гэтэл манай улсын агаар болон хөрсний бохирдол дээд хэмжээндээ хүрчихсэн. Эдгээр шалтгаанас болж мод үхдэг. Дээрээс нь нарс мод хөрс голомтгой, тэсвэр муутай учраас хотод тарихад тохиромжгүй. Энэ бүхнийг судлахгүйгээр уулнаас нарс буулгаж, тарьсан нь буруу.
-Тарьсан модны хэдэн хувь нь үхсэн бэ?
-Бид тэр хавийн модонд саяхан тооллого хийсэн. Занабазарын гудамжид тарьсан модны тал хувь нь үхсэн. Тэдгээр модыг ирэх наймдугаар сараас бага багаар авч, намар оронд нь шинэ мод тарихаар төлөвлөж байна.
-Оронд нь ямар мод тарих вэ. Агаар, хөрсний бохирдолтой учраас ямар ч мод тарьсан хурдан үхэх юм биш үү?
-Судалгаа хийж, ямар мод тарихаа шийднэ. Гэхдээ Гандан орчмын айлууд угаадасаа модны тогоо руу асгаж, эсвэл хогоо хаячихдаг. Иргэд нь ийм сэтгэхүйтэй байхад ямар ч мод тарьсан хурдан үхэх нь гарцаагүй.
-Занабазарын гудамжид байгаа модыг уулнаас авчирсан гэсэн үү?
-Тэгсэн. Гэхдээ ууланд ургаж байсан мод тасалж авчраагүй. Цэвэрлэгээнээс гарсан модыг тарьж, ургуулсан юм. Ер нь манайхаас өөр оронд ууланд ургаж буй модоо хотдоо тарьдаг. Тухайлбал, БНСУ-ын хот тохижилтын ихэнх хувийг уулын мод эзэлдэг. Гэхдээ уулын мод агаар, хөрсний бохирдолд тэсдэггүй учраас манайд тохирохгүй байгаа юм.