Хүйт даасан цагаан эсвэл цайвар өнгийн ханатай, эм тарианы үнэр сэнхийсэн эмчилгээний “аймшигтай” өрөөнүүд өнгө засаж эхэлжээ. Цайвар цэнхэр хананууд сахилгагүй сармагчин, сэргэлэн шувуухай, мөрөөдлийн илэрхийлэл болсон зүрхэн навчтай мод гээд хараа булаам өнгө алагласан зургуудаар дүүрч, сувилагч, эмч нар нь инээмсэглэн угтаж, тоглож, ярилцангаа үзлэг, эмчилгээгээ хийвэл сайхан биш гэж үү. Айдас түгшүүртэй бус сэтгэлд дотно, мөрөөдлийн гэмээр ийм орчныг бүрдүүлэхээр “Найрамдал” ротари клубийн залуус өнгөрөгч оноос эхлэн ажиллажээ. Залуус өөрсдийн санаачилгаар нийслэлийн бүх дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгуудад эмчилгээний болон тоглоомын өрөөг тохижуулж өгөхөөр шийдэж, өнгөрөгч онд Баянзүрх, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв, Баянзүрх дүүргийн эмнэлгийн хүүхдийн өвчин судлалын төвд хүүхдийн эмчилгээний өрөөг нь бүрэн тохижуулсан бол уржигдар буюу долдугаар сарын 27-нд Багануур дүүргийн эрүүл мэндийн төвд хүүхдийн эмчилгээний өрөөг нь хүлээлгэн өглөө.
Энэ нь “Найрамдал” ротаракт клубийн “Мөрөөдлийн булан” төслийн хүрээнд засаж тохижуулсан зургаа дахь өрөө аж. Төслийн хөрөнгийг хандивын үдэшлэг арга хэмжээ зохион байгуулж, олж байсан бол энэ жил Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлжээ.
2015 оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх төсөлд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн мэс заслын дараахь эмчилгээний өрөө, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн эмчилгээний өрөө, Баганхангай дүргийн эрүүл мэндийн төвийн тоглоомын хамруулахаар болжээ.
Швейцарийн хөгжлийн агентлагийн хөрөнгө оруулалтаар энэ онд Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн эмчилгээний болон Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн Хамгаалах байрны тоглоомын өрөөг тохижуулж, долдугаар сарын 9-нд хүлээлгэн өгчээ.
Нээлтийн ёслолын үеэр “Найрамдал” ротаракт клубийн ерөнхийлөгч Г.Мөнгөн “Монголын ротари болон ротаракт клубүүдийн хэрэгжүүлсэн төслүүдээс бидний хэрэгжүүлж буй “Мөрөөдлийн булан” төсөл хамгийн том нь. Тиймээс энэ төслөө цаашид олон арван эмнэлэгт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Зөвхөн нэг өрөөг тохижуулаад өнгөрөх бус энэ ажлаараа дамжуулан нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах ажил хийх болно” гэв.
Эмчилгээний өрөө хүлээлгэн өгөх ёслолын үеэр Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн дэд захирал А.Очирсүрэнтэй уулзлаа.
-Та эмчилгээний өрөөг хүлээн авахдаа дэлхийн жишигт нийцсэн өрөөтэй боллоо хэмээн онцоллоо. Хүүхдийн тасгийн эмчилгээний өрөө ямар давуу талтай болсон бэ?
-Юуны өмнө төслийн хүрээнд манай эмнэлгийн хүүхдийн тасгийн эмчилгээний өрөөг хурдан шуурхай засаж, тохижуулж өгсөн “Найрамдал” клубийн залуустаа баярлалаа. Шинэчлэгдсэн өрөө маань бактери үржихээс сэргийлсэн тусгай технологиор хийсэн шалтай, ханыг нь хүний биед харшил өгдөггүй будгаар будсан тул эмнэлгийн нөхцөл байдалд нийцсэн орчин бүрдлээ. Түүнчлэн хүүхдүүд ханан дээрх зураг, чимэглэлүүдийг харж сатаарахуйц тайван орчин нөхцлийг бүрдүүлсэн нь тун чухал ач холбогдолтой.
-Алслагдсан дүүргүүдэд иргэдийн санаачилгаар тохижилт, засвар хийх нь хэр түгээмэл байдаг вэ?
-Манай дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд эмнэлгийг хаалга, цонх солих зэргээр сайн дураараа засвар хийж өгч байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг дэлхийн жишигт нийцсэн орчныг бүрдүүлж, бүрэн тохижуулж өгч байсангүй.
-Цаашдаа тус клубтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаа гэсэн. Яг ямар ажил хийхээр зорьж байна вэ?
-Бид эцэг эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол мэдлэг олгох сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Гэсэн хэдий ч тохижуулсан анги танхим, сурах бичиг, гарын авлага дутагдалтай байгаа тул энэ тал дээр хамтран ажиллахаар ярилцаж тохироод байна.