Улиастай, Гачуурт чиглэлийн 11 км авто замын засвар өнгөрсөн зургадугаар сард эхэлсэн юм. Суурь хучилт болон хоёр гүүрийн засварыг хийхийн тулд замыг хэсэгчлэн хаахаар болсноо нийслэлийн Авто замын газраас мэдэгдлээ. Тодруулбал, “Их хайрхан” амралтын газраас “Монгол шилтгээн” хүртэлх нэг км авто замыг энэ сарын 30-ны 23.00 цагаас ирэх сарын 5-ны 06.00 цаг хүртэл зургаан хоног хаах юм байна. Түр зам гаргах боломжгүй учир иргэд нэг км явган алхаж, “Их хайрхан” амралтын газрын үүднээс нийтийн тээврийн автобусаар хот руу явах юм. Мөн “Монгол шилтгээн”-ээс Гачууртын эцсийн буудал хооронд нийтийн тээврийн автобус богино эргэлт хийж үйлчлэх аж. Улиастай, Гачууртын чиглэлийн авто замыг гэрээ ёсоор наймдугаар сарын 30-нд хүлээлгэн өгнө. Одоогийн байдлаар ажлын явц 44 хувьтай байгаа гэнэ.