Нийслэлийн ЗДТГ болон Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн “Ил тод Улаанбаатар” академи байгуулснаа зарлаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг даргын авлигатай тэмцэх санаачилгын дагуу Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс нийслэлийн нутгын захиргааны байгууллагуудад авлигад өртөх эрсдлийн үнэлгээг хийж байсан. Харин өнгөрсөн онд анх удаа нийслэлийн ЗДТГ тус хүрээлэнтэй хамтран “Нээлттэй Улаанбаатар” авлигын эсрэг олон улсын форум зохион байгуулсан юм. Эдгээр ажлуудын үр дүнд нийслэлийн ИТХ-аар Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, төлөвлөлөөг баталсан. “Ил тод Улаанбаатар” академи байгуулснаар албан тушаалтнууд болон олон нийтэд авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, сургалт зохион байгуулахаас гадна тэдний харилцааг сайжруулахад чиглэсэн олон ажлыг санаачлан хэрэгжүүлэх юм.