Гандангаас Баруун дөрвөн замын уулзвар хүртэл тарьсан моднууд шарлаж, үхэж эхлээд буй. Өч төчнөөн хөрөнгө зарж, мод тарьчихаад ийнхүү хөсөр хаяж, үхүүлж байгаа нь харамсалтай. Жилээс жилд их хэмжээний мөнгө төсөвлөөд ч нийслэл ногоорохгүй нь. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Л.Баатарцогтоос тодрууллаа.
-Занабазарын гудамжинд тарьсан модны ихэнх нь шарлаж, үхсэн байна. Энэ юутай холбоотой вэ?
-2008-2011 онд тэр хэсэгт нарс тарьсан. Тухайн үед Баянгол дүүргийн тохижилт үйлчилгээний албаныхан арчилгааг нь хариуцсан ч маш муу ажилласан. Ер нь модонд арчилгаа, хөрс, агаар чухал байдаг. Гэтэл манай улсын агаар болон хөрсний бохирдол дээд хэмжээндээ хүрсэн. Эдгээр шалтгаанаас болж мод үхдэг. Дээрээс нь нарс хөрс голомтгой, тэсвэр муутай учраас хотод тарихад тохиромжгүй. Энэ бүхнийг судлахгүйгээр уулнаас нарс буулгаж, тарьсан нь буруу.
-Тарьсан модны хэдэн хувь нь үхсэн бэ?
-Бид тэр хавийн модонд саяхан тооллого хийсэн. Занабазарын гудамжинд тарьсан модны тал хувь нь үхсэн. Тэдгээр модыг ирэх наймдугаар сараас авч, намар оронд нь шинэ мод тарихаар төлөвлөж байна.
-Оронд нь ямар мод тарих вэ?
-Судалгаа хийж, ямар мод тарихаа шийднэ. Гэхдээ Гандан орчмын айлууд угаадсаа модны тогоо руу асгаж, эсвэл хогоо хаячихдаг. Иргэд нь ийм сэтгэхүйтэй байхад ямар ч мод тарьсан үхэх нь гарцаагүй.
-Тэдгээр модыг уулнаас авчирсан гэсэн үү?
-Тэгсэн. Гэхдээ ууланд ургаж байсан мод тасалж авчраагүй. Ойн цэвэрлэгээнээс гарсан модыг тарьж, ургуулсан юм. Ер нь манайхаас өөр оронд ууланд ургаж буй модоо хотдоо тарьдаг. Тухайлбал, БНСУ-ын хот тохижилтын ихэнх хувийг уулын мод эзэлдэг. Гэхдээ уулын мод агаар, хөрсний бохирдолд тэсдэггүй учраас манайд тохирохгүй байгаа юм.