Авто зам барилгын ажил шууд гэрээ байгуулан авч өгөх нэрийдлээр их хэмжээний мөнгө залилсан хэрэг удаа дараа гарч байгаатай холбогдуулан Монголын Авто замчдын холбооноос сэрэмжлүүлэг гаргалаа.
Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох, Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замыг бүрэн шинэчлэх зорилтыг хэрэгжүүлэхээр Авто замын барилга угсралтын болон засвар арчлалтын ажлуудыг Улсын төсвийн хөрөнгө, Монгол Улсын Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалт , хувийн хэвшлийн хөрөнгө барихаар тусгагдсан.
Мөн Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй хатуу хучилттай авто замаар холбох төслүүдийг концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэхээр заасан.
Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийж гүйцэтгэх төсөл арга хэмжээнүүдийн гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг 2005 оны 12 дугаар сарын өдрийн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” Монгол улсын хуулийн дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар төлөвлөн, зохион байгуулж байна.
Мөн Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй хатуу хучилттай авто замаар холбох төслүүдийг концессын барих-шилжүүлэх төрлөөр гүйцэтгэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг Аж үйлдвэрийн яам, Хөрөнгө оруулалтын газар зохион байгуулж байгаа бөгөөд ямар нэгэн хувь хүмүүсийн оролцоо байхгүй болно.
Гэтэл зарим нэг иргэд “....Улсын төсвийн хөрөнгө, Монгол Улсын Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалтаар хйигдэх авто зам барилгын ажил шууд гэрээ байгуулан авч өгнө” гэж бусад иргэн, хуулийн этгээдийг төөрөгдүүлэн хууль бусаар мөнгө залилан мэхлэх явдал удаа дараа гарч байгаа тул урьдчилан сэргийлэхийг анхааруулж, хууль бус, залилан мэхлэх үйлдэлд өртөхгүй, өөрсдийн эд хөрөнгөөр хохирохгүй байх талаар нийт замчид, замын компаниудад сэрэмжлүүлж байна.