Өнөөдрөөс эхлэн нийтийн тээвэр цахим картаар төлбөрөө хийн зорчих системд шилжиж буй. Нийслэл дэх 280 цэгт цахим карт борлуулах ажил хэдийнэ эхэлсэн ч зорчигчид картаа аваагүй, хаанаас хэрхэн авах талаар мэдээлэлгүй байгаагийн улмаас өнөө өглөө нийтийн тээврээр үйлчлүүлэхэд багагүй хүндрэл үүсчээ.
Цахим карт худалдан авч амжаагүй иргэд бэлэн мөнгөө жолоочийн хажууд байрлуулсан хайрцагт хийж, нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа ч бүхэл мөнгөтэй зорчигчдод хариулт мөнгө өгөх боломжгүй болсны улмаас зарим тээврийн хэрэгсэл зорчигчдыг суулгахгүй байгаа тохиолдол ч цөөнгүй гарчээ.
Нарангийн гол – Ард кинотеатр М-37 чиглэлийн 2499 УБЧ улсын дугаартай автобусны тасалбар түгээгчээс энэ талаар тодрууллаа.
-Өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээ цахим төлбөрийн системд шилжлээ. Иргэд цахим картаа авч амжаагүй байгаа бололтой. Цахим картаар хэр олон хүн үйлчлүүлсэн бэ?
-Цахим картын төлбөрийн системд шилжиж байгаа тухай хоёр гурван сарын өмнөөс л ярьж, танилцуулж эхэлсэн атал иргэдийн дийлэнх нь картаа худалдаж аваагүй байна. Өнөө өглөө гэхэд хоёр гуравхан хүн л цахим картаар төлбөрөө хийж үйлчлүүлээ. Уг нь нийтийн тээврийн үйлчилгээ боловсронгуй болж, шинэ системд шилжин хөгжиж, урагшилж байхад иргэд ч дэмжиж, картаа худалдаж аваад нийтийн тээврээр үйлчлүүлмээр байна.
-Иргэд картаа аваагүйгээс болоод хэр хүндрэл гарч байна вэ?
-Цахим төлбөрийн системд шилжсэнтэй холбоотойгоор тасалбар түгээгчид өнөөдрөөс зөвхөн хянагчийн үүрэг гүйцэтгэж байгаа. Иргэд цахим төлбөрийн талаар мэдээлэл муу байгаагаас өнөөдрийн байдлаар урд хаалгаар сууж, арын хаалгаар буухыг анхааруулах, цахим картын талаар мэдээлэл өгөх зэрэг ажил хийж байна. Мөн картгүй иргэд автобусанд суухдаа бэлэн мөнгөний хайрцганд мөнгөө хийж байгаа тул задгай мөнгөгүй хүмүүс мөнгөө өгч чадахгүй хаалган тушаа зогсож, бусад зорчигчид суухад хүндрэлтэй болж байна. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийтийн тээврээр хөнгөлттэй зорчдог иргэд хороон дээрээсээ цахим картаа авч эхэлсэн байгаа. Гэхдээ дээрх иргэд хөнгөлттэй зорчих картаа аваагүй байгаагийн улмаас хүндрэл үүсэж байна.
Иргэд шинэ системдээ дасаад, бүгд цахим картаар төлбөрөө хийдэг болчихвол тасалбар түгээгчид ч хянагчаар ажиллахаа болино гэсэн.
Шинэ системийн талаарх гомдол, санал цахим ертөнцөд ч тасрахгүй байна. Фэйсбүүк цахим сүлжээнд иргэд карт хаанаас авах талаарх мэдээлэл хангалтгүй байгаа, мөн урд хаалгаар ороод арын хаалгаар буудаг болсон нь хоёр гурван буудал яваад буух иргэдэд хаалганд хүрч амжихгүй байх зэрэг хүндрэл үүсэж байна хэмээн шүүмжилжээ.