Зүүн бүсийн аймгууд дахь хамгийн том спорт цогцолборын хөлбөмбөгийн талбай наймдугаар сарын 1-нд нээлтээ хийх гэж байна. Тус аймагт барьж буй “Summer garden” цэцэрлэгт хүрээлэнд барьсан хөлбөмбөгийн талбай дэлхийн жишигт нийцсэн хэмжээ, хиймэл зүлэгтэй аж. Хөлбөмбөгийн талбайн дэргэд байгуулж буй сагсан бөмбөг, газрын теннис, хоккейн талбай ч тун удахгүй ашиглалтад орох гэнэ. Хөлбөмбөгийн талбайн нээлтийн ёслолд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, дэд ерөнхийлөгч Д.Мэдрээ, хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням, "шар айраг"-ийн Ганхүү болон бусад албаны хүмүүс оролцох бөгөөд талбайн нээлтэд зориулж наймдугаар сарын 2-3-нд “Говьсүмбэр цом” хөлбөмбөгийн тэмцээн болно.
Дэлхийн жишигт нийцсэн шинэ талбайн талаар тус аймгийн “Чойрын толь” сонины эрхлэгч Б.Баярцэнгэлтэй холбогдож доорх асуултуудад хариулт авлаа.
-Удахгүй нээлтээ хийх гэж буй хөлбөмбөгийн шинэ талбай дэлхийн жишигт нийцсэн гэсэн. Бусад талбайгаас юугаараа онцлог, давуу талтай вэ?
-Стандартын дагуу талбайн хиймэл зүлэгний өндөр нь дөрвөн см, тусгай технологийн дагуу барьсан учир ногоон өвснүүд нь налж унадаггүй онцлогтой. Талбайн хэмжээний хувьд 100м урт, 60 метрийн өргөн. Тойруулж тавьсан гүйлтийн зам нь хөнгөн атлетикийн төрөл бүрийн уралдаан тэмцээн явуулах боломжтой.
-Төслийн гүйцэтгэгчээр ямар компани ажилласан бэ?
-Төслийн туслан гүйцэтгэгчээр ажиллах байгаа залуус өмнө нь Герман улсад дэлхийн стандартын дагуу хөлбөмбөгийн талбайн дэвсгэр, дрож, хаалга, цагаан шугам хийж байсан туршлагатай хүмүүс. Өмнө нь “Дулааны Цахилгаан Станц-4” ТӨХК-ийн “Эрчим” клубийн ногоон талбайг барьсан юм билээ.