Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Нийслэлийн комиссоос олгодог. Тэгвэл нийслэлийн Эрүүл мэндийн газрынхны мэдээллээр Улаанбаатарт хувийн хэвшлийн 986 эмнэлэг, 630 эмийн сан үйл ажиллагаа явуулдаг юм байна. Үүнээс ортой эмнэлгүүдийн 60.9 хувь нь дотор, уламжлалтын нарийн мэргэжлийн чиглэлээр ажилладаг аж. Байршлаар нь үзвэл нийт хувийн эмнэлгүүдийн олонх нь хотын төвд байрлаж байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт байрлалтай эмнэлгүүдийн 68.9 хувь нь “Сансар” үйлчилгээний төв, XIII хороолол, Кино үйлдвэр, “Баянзүрх” нэгдсэн эмнэлгийн эргэн тойронд байдаг бол Сонгинохайрхан дүүргийн хувийн эмнэлгүүд Эрүүл мэндийн төвийнхөө болон салбар амбулаториудыг дагасан байрлалтай байна. Сүхбаатар дүүрэгт мөн адил Эрүүл мэндийн нэгдлийнх нь эргэн тойронд байрладаг аж.