Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд амьдардаг О.Сүхбаатарын гэр бүлийнхэн гэнэтийн аюулд өртөх дөхжээ. Учир нь өчигдөр 09.00 цагийн үед тэдний гэрийн үүдэнд хашааг нь цөмлөн цахилгааны бетонон шон унаад ирсэн аж. Гэрийнхээ гадаа тэргэнд унтаж байсан нялх дүүг нь шүргээд, үүдэндээ тоглож байсан хоёр настай охиноос нь 40-50 см зайд уг шон унасан юм байна. Гэрийн эзэн О.Сүхбаатарын хүү С.Батхүүтэй холбогдон энэ тухай асуухад “Гадаа гэнэт бөөн чимээ гарахаар нь хартал шонгийн мод унасан байсан. Хоёр нялх үрийн минь буян заяа биднийг түшлээ. Ёстой л нэг тэнгэр тэтгэж, Алтан овоо, аав ээждээ сүслэн залбирч явдгийн ач юм уу даа. Гэмтэж бэртээгүйдээ үнэхээр их баяртай байна. Цахилгааны шон учраас гал гарахыг ч үгүйсгэхгүй. Тэр дор нь би онцгой байдал, цагдаагийн алба хаагчдыг дуудсан. Дахиад ийм явдал гарах вий гэхээс айдастай байна” гэв. Харин тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн улсын байцаагч Б.Баярсайханаас асуухад “Унасан шонгийн модны ойролцоо машины мөр байсан. Машинд мөргүүлсний улмаас шонгийн мод хазайж, удалгүй айлын гэрийн үүдэнд унасан байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэв.
Ч.Туяа