Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний V ээлжийн бие бүрэлдэхүүн эх орноосоо мордоход бэлэн боллоо.
Цэргийн багт Зэвсэгт хүчний 40 гаруй анги байгууллага, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй, ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ, ТЕГ, ШШГЕГ-ын 850 орчим алба хаагч Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулилалтаа бүрэн хангасан байна. БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх V ээлжийн цэргийн багийн захирагчаар ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Баатар үүрэг гүйцэтгэх аж.
Тус ажиллагаанд оролцож буй ОБЕГ-ын алба хаагчдыг удирдлагууд нь хүлээн авч уулзан байгууллагынхаа тугийг хүлээлгэн өгч, үүрэгт ажилд нь амжилт хүслээ. V ээлжинд үүрэг гүйцэтгэх Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, дэд ахлагч С.Эрдэнэбилэг “Энхийг сахиулах ажиллагаанд ОБЕГ-ын алба хаагчид үүргээ биелүүлэхэд бэлэн боллоо. Манай алба хаагчид шат дараалсан олон шалгуурыг давж, бүгд тэнцсэн.
Энэ бол Онцгой байдлын бие бүрэлдэхүүн ямар хэмжээнд бэлтгэгдэж, бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаагийн илрэл юм. Бид олон улсын энхийг дэмжих үйл ажиллагаанд аврах, эрэн хайх, нүүлгэн шилжүүлэх, татан гаргах үүрэг, чиглэлийн дагуу өөрсдийнхөө мэддэг бүх зүйлээ дайчилж ажиллах болно. Ер нь манай бүрэлдэхүүний бие болоод сэтгэлзүйн бэлтгэл бүрэн хангагдсан гэж үзэж байгаа. Бид нэг зорилго дор нэгэн сэтгэлээр үүргээ амжилттай биелүүлээд ирэх болно” гэв.